Завхан аймгийн Отгон сумын харьяат бөх, улсын харцага Т.Бэгзсүрэнгээс допинг илэрснийг өөрөө хүлээн зөвшөөрлөө.
Тэрбээр энэ талаар “Би санаатайгаар допинг хэрэглээгүй. 2021 оны тавдугаар сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл байнгын сэдэрч төрөл бүрийн эм эмчилгээ хийлгэсээр ирсэн.
2022 оны зургаадугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны гурвын даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны булчингийн уут задарсан гэсэн оноштойгоор хөл хөдлөх боломжгүйгээр долоо хонож түүнээс хойш бага багаар илааршсан.
Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлний бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар Ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж, 4 давж допингийн шинжилгээнд хамрагдсан.
Бэртлийн үед эмчилгээнд хэрэглэсэн эм тариагаа тэмцээний үед буюу 24 цагийн дотор хориотой, тэмцээний бус үед зөвшөөрөгдсөн гэсэн мэдээлэл дор 2022 оны зургаадугаар сарын 5-20-ны өдрийн хооронд хийлгэсэн.
Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна.
Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцон, дуу хоолойгоо өргөж, 2021 оны гуравдугаар сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж, тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцлийг бүрдүүлж байсан.
Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лаборторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шудрага бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна” гэлээ.
ЭНЭ ЖИЛ УЛСЫН НААДАМД ТҮҮНД УНАСАН БӨХЧҮҮД
Т.Бэгзсүрэн энэ жил улсын наадамд барилдахдаа нэгийн даваанд залуу бөх Соржак Кезникийг, хоёрын даваанд аймгийн начин Б.Амарбаярыг, гурвын даваанд аймгийн начин И.Баатарчулууныг, дөрвийн даваанд аймгийн арслан А.Отгонбаатарыг нарыг давсан. Улмаар тавын даваанд тухайн үед аймгийн арслан байсан О.Түмэнд өвдөг шороодсон юм.
ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛЭЭР ХАСАХ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18.8-д зааснаар: Шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр хуулийн дагуу түүний барилдах эрхийг хоёр жилээр хасна.