
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ЗХУ-ын сүүлчийн удирдагчийн оршуулгад оролцохгүй гэдгийг Оросын хэвлэлүүд онцолж эхэллээ. М.Горбачевыг энэ бямба гарагт эхнэр Райсагийнх нь дэргэд оршуулахаар болсон юм.
Өнгөрсөн Пүрэв гарагт Оросын төв телевизээр В.Путин М.Горбачевын дэргэд улаан сарнай тавьж, хүндэтгэл үзүүлж байгааг олон нийт харсан. Тэрээр хэсэг чимээгүй зогсож, толгойгоо бөхийлгөн авсанд хүрчхээд явсан байна. Харин оршуулгын өдөр буюу энэ бямба гарагт албаны ажилтай тул оролцох боломжгүй болсныг нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Түүнчлэн М.Горбачевын оршуулгыг маш цомхон хийх төлөвтэй байгааг Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Тэд 2007 онд нас барсан Борис Ельцины төрийн оршуулгатай М.Горбачевынхыг харьцуулж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тухайн үед В.Путин орон даяар гашуудал зарлан, дэлхийн томоохон удирдагчид эмгэнэл илэрхийлж байжээ.
Нэмж мэдээлэхэд, М.Горбачев амьд ахуйдаа Орос-Украины дайнд санаа зовниж, талуудыг хэлэлцээрийн ширээнд суухыг уриалж байсан билээ.
Эх сурвалж: ALJAZEERA