Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт бид сэтгэл судлал дахь “Даннинг Крюгерийн нөлөө”-ний талаар тайлбарлаж байсан билээ. Тэгвэл энэ удаа GROUP IN BIAS /Хэвийх хандлага/-ын талаарх мэдээллийг уншигч танд хүргэе.
Хэвийх хандлагыг судлаачид өөр өөрийн гэсэн ойлголтоор тодорхойлох нь бий боловч ерөнхий ойлголтыг нь тайлбарлавал, “Хүмүүс ижил бүлэгт багтаж байгаа хүмүүстээ давуу эрх олгох байдал” юм. Хэвийх хандлага үүсдэг шалтгааны талаар хэд хэдэн онол байдгаас хамгийн нөлөөтэй нь нийгмийн танин мэдэхүйн онол юм. Энэ нь “хүмүүс аливаа юмсыг ангилах дуртай” гэх энгийн баримт дээр тулгуурладаг.
Хүн өөртэйгөө ижил төстэй хүмүүст өөрийн эрхгүй татагдаж, ижил сонирхолтой хүмүүстэй ярилцах хүсэл төрдөг аж. Гэвч ямар нэгэн шинж чанараар хоорондоо ижил байх нь тухайн хүнийг бусдаас дээгүүр үнэлж, илүү эерэгээр хүлээж авах шалтгаан болохгүй.
Тухайлбал, багш нар нэг нутгийн хүүхдээ илүү үнэлэх, цагдаа нар нэг нутгийн залуудаа бага шаардлага тавих зэрэг хандлагуудыг хэлж буй юм. Монгол хүмүүсийн хувьд түгээмэл тохиолддог жишээ нь нэг нутаг усныхан нэгнийгээ багийн гишүүд эсвэл хүрээлэн буй хүмүүсээс илүү үнэлдэг. Өөрөөр хэлбэл тэд нэгэндээ илүү дотно хандаж, нэгнийгээ дэмжих явдал юм.
Уншигч та "Манай нутаг" гэх үгсийг олон газар сонсож байсан байх. Нутаг ус ижил байх нь бусдад ялгавартай хандаж, өөрсдийгөө илүүд үзэх шалтгаан болж буй нь энэхүү онолын цөм нь билээ. Үүний хор уршиг нь нийгэмд тэгш бус байдлыг үүсгэж байдаг. Жишээлбэл, хууль эрх зүйн тогтолцоонд цагдаа шүүгч нар өөрсөдтэй нь ижил бүлэгт багтдаг хэрэгтэнд бага ял оноож тэгш эрхийг уландаа гишгэх явдал гэж үздэг байна.
Харин аливаа зүйлийн фен, дэмжигч байх нь хэвийх хандлагад өртөх томоохон хүчин зүйл болдог гэдгийг санаарай" хэмээн сэтгэл судлаачид зөвлөж байна.