Өнөөдөр есдүгээр сарын 1. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг өдөр. Өнөөдөр улсын хэмжээнд 77.753 хүүхэд ардын сургуулийн алтан босгыг алхан орлоо.
Сургууль гэж юу байдгийг аав, ээжээсээ зунжингаа шалсан зургаан настнуудад хичээлийн анхны өдөр тун сонирхолтой хийгээд содон байгаа нь дамжиггүй. Бид энэ удаагийн хичээлийн шинэ жилд зориулсан сурвалжилгаа Нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуулиас бэлтгэлээ. Тус сургуулийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцон, үг хэлсэн юм.
Гартаа цэцэг барин, цэмцгэр гэгч нь хувцасласан бяцхан багачууд ерийн сууна. Тэдэнд сонирхох, сонжих зүйл бишгүй их. Байсхийгээд л олны дундаас аав, ээжийгээ хайх нь эгдүүтэй. Төд удалгүй нээлт дуусаж, эгнэн жагссан хүүхдүүд анги, ангиараа сургууль руугаа орлоо.
Гуравдугаар сургуулийн 1Д анги 44 сурагчтай. Тус ангийг Д.Саруул багш дааж авчээ. Тэрбээр нэгдүгээр ангид гурав дахь удаагаа багшилж буй нь энэ юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.