Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч 80 дахь жилтэйгээ золгож буй МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
МУИС-ийн Хуульзүйн сургуулийн хичээлийн шинэ байрны бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж буйг тэрбээр онцолсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Өнгөрсөн зуун жил улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, орчин цагийн эрх чөлөөт ардчилсан Монгол Улсыг цогцлоон байгуулсан тусгаар тогтнол хөгжил дэвшлийн агуу зуун байлаа. Энэхүү түүхт 100 жилийн бас нэг чухал үйл явдал бол 1942 оны аравдугаар сарын 5-ны өдөр дээд боловсролын ууган байгууллага болох МУИС-ийг нээсэн явдал байсан юм.
Их сургуулийн нээлтэд тухайн үеийн төр засгийн удирдлагууд оролцон дайны хүнд, түгшүүртэй нөхцөлд Монгол Улсад анхны их сургууль нээгдэж буйг онцолж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхийн чухлыг тэмдэглэж байсан нь түүхийн хуудаснаа мөнхрөн үлджээ.
Анх байгуулагдсан цагаасаа хойш эх орныхоо олон мянган шилдэг боловсон хүчин, сор болсон эрдэмтэн судлаачдыг төрүүлэн гаргаж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Тус сургуулиас манай улсын тэргүүлэх зургаан их сургууль салбарлан гарч, эдүгээ 100,000 гаруй төгсөгчтэй их айл болжээ.
Эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон их сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн багш нарт ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол төрийн бодлого шийдвэрийг судалгаанд суурилсан шинжлэх ухаанч байхад тал бүрийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг цохон тэмдэглэхэд таатай байна.
Энэ жил мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улс байгуулан өрнө дахиныг түвшитгэн Монголын их амар амгаланг дэлхий ертөнцөд цогцлоосон Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа бөгөөд төрийн тэргүүн Их хааныхаа эш хөргийг дээдлэн залах зарлиг буулгасныг та бүхэн мэдэж байгаа.
Эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний оюуны сор, ухааны жигүүр болсон цэцэн мэргэдээ түшиглэн ахуй төрийнхөө бодлогыг тодорхойлж байсан Их Эзэн Чингис хааныхаа эш хөргийг эрдмийн уурхай төрөлх сургуульдаа залах ёслолд оролцож буйдаа баяртай байна.
Түүнчлэн МУИС-ийн Хуульзүйн сургуулийн хичээлийн шинэ байрны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж, арвин түүх, бахдам амжилтаар эх орноо манлайлж, дэлхийд өрсөлдөж яваа МУИС-ийн эрдэмтэн багш, оюутан залуус болон хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин өргөж, эрдмийн их амжилт хүсье" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.