2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр “Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан сурагчид, эрдэмтэн багш нар, хүндэт эцэг эхчүүд ээ. Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Манай ард түмэн эрт дээр үеэс эрдэм номыг дээдлэн шүтэж, эрдэм ном эрхэм баян хэмээн заан сургаж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Энэ жил Монголчууд бидний бахархал дэлхийн түүхийн суут хүмүүн Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Чингис хаан маань төрт ёс хууль цаазын доор монгол туургатныг нэгтгэн өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж мөнх тэнгэрийн хүчин доор Их Монгол Улсыг байгуулан Монгол үндэстний суу алдар, сүр хүчийг бадраан, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоож ирсэн түүхтэй билээ.
Иймээс Эзэн Чингис хааны суу алдар түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан юм. Мөн энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулж “Чингис хаан ба Монголын их амар амгалан” хичээлийг хүүхэд залууст бэлтгэн хүргэж байна.
Монголчууд бид Их Монгол Улсын гал голомтыг сахиж байгаагаа гүнээ ухамсарлан Их эзэн богд Чингис хааныхаа суу алдар үйл хэрэг билиг сургуулийг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж төрт ёсны үнэт зүйлийг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, хувь нэмрээ оруулах нь Монгол хүн бүрийн үүрэг билээ.
Эрхэм хүндэт хүүхэд залуучууд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” гэж хэллээ.