Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад бэлгийн замаар дамжих халдварт өвчний зургаан мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 450 тохиолдлоор өсжээ. Халдварын нийт тохиолдлоос 37 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Мөн тэмбүүгийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдийн дийлэнх нь 20-30 насны залуус байгааг ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дох, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны эмч Ш.Навчисхан мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Тэмбүү өвчин гурван үе шаттайгаар хүнийг өвчлүүлдэг. Халдвар авснаас хойш 21-30 хоног нь нууц үе байна. Энэ үед ямар ч зовуурьгүй байж болдог гэсэн үг. Шинж тэмдгийн хувьд, бэлэг эрхтэн орчимд ямар ч өвчлөлгүй шарх гарна. Энэ нь эмчилгээ хийгээгүй байсан ч арилчихдаг. Түүний дараа хоёрдугаар үе шат явагдана. Арьсаар тууралт гарах шинж тэмдэг эхэлнэ. Мөн дотор эрхтэн талаас өөрчлөлт өгч болно. Гуравдугаар үе шатанд ясны өөрчлөлт гардаг. Хамгийн гол нь зовуурьгүй явагддаг учраас тэмбүү өвчний халдвар авчихлаа гэдгээ хүмүүс мэддэггүй.
Тэмбүү нь эмчилгээ хийгээд 100 хувь эдгэрдэг өвчин. Тохиолдлын бэлгийн харьцаанд л орохгүй байх ёстой. Хосууд биендээ үнэнч байх хэрэгтэй гэсэн үг. Бэлгэвч хэрэглэж сурах нь чухал юм. Халдвар авчихсан бол мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ өгөн эмчилгээндээ бүрэн орох шаардлагатай. гэлээ.
Зөвхөн над дээр гэхэд өдөрт тэмбүүгийн халдвартай дөрвөөс дээш хүн ирж байна. Ихэнхдээ залуучууд өвдөж байгаа” гэлээ.
Харин ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны статистикч О.Мандалын мэдээлснээр “Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдвараас 37 хувь нь тэмбүү, 37 хувь нь заг хүйтний халдвар, 26 хувь нь трихомониаз, хоёр хувийг ХДХВ-ийн халдвар эзэлж байна. Энэ оны өвчлөлийг 2021 онтой харьцуулбал долоо орчим хувиар өссөн харагдаж байгаа. ХӨСҮТ-ийн үзлэгийг авч үзвэл энэ онд 1000 орчим хүн үзүүлсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулбал 40 хувиар нэмэгдсэн байгаа юм. Өвчлөлийн хувьд 50 хувиар нэмэгдсэн байдалтай харагдаж байна гэж ярилаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.