Хятадын зүүн нутгийн цагдаа нар нядалгааны байр луу явсан 150 гаруй муурыг аварсан байна. Шаньдун мужийн Жинань хотод энэ хэрэг гарсан ба цагдаа нар очих үед мууруудыг зэвэрсэн тор руу оруулж байсан талаар Humane Society International мягмар гарагт мэдээлжээ.
Муурыг хавханд оруулахын тулд бор шувууг өгөөш болгон торонд байрлуулж, муур ойртох үед алсын удирдлага ашиглан барьж авч байсан талаар орон нутгийн амьтны эрхийн активист хэлсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн “Бодит нөхцөл байдлыг харах үнэхээр аймшигтай байсан. Тэд цочирдож, уйлж байсан” гэж ярилцлага өгчээ.
Түүнчлэн муурыг барьж авахаар амьд бор шувуудыг торонд хийж, өгөөш болгон ашигласан нь амьтны эрх ярих бас нэг асуудлыг хөндсөн талаар активистүүд илэрхийлсээр байна. Тэд шувуудыг байгальд нь буцаасан байна. Аврагдсан мууруудын ихэнх нь гэрийн тэжээвэр амьтад байсан гэжээ.
"Humane Society International"-ын мэдээлснээр Хятадад жил бүр 10 сая нохой, 4 сая муурыг хүний хэрэгцээнд зориулж устгадаг гэдгийг онцолсон байна. Хятадын хойд хэсгээр нохой, муур иддэг уламжлал хэдэн мянган жилийн тэртээгээс тогтож иржээ.
Сэжигтнүүдийг шувууд агнаж, хүний өмчийг хулгайлсан хэргээр шийтгэж магадгүй байна. Нэмж мэдээлэхэд, манай улсад энэ оны 6-р сард гэрийн тэжээвэр амьтны тухай хууль боловсруулаад байгаа юм.
Эх сурвалж: Straitstimes