Эмэгтэйчүүд ургийн усны шинжилгээг жирэмсний 16-17 долоо хоногтойд өгч, урагт ямар нэгэн гажиг үүссэн эсэхийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байдаг юм байна. Энэ шинжилгээг өгөөгүй тохиолдолд урагт ямар нэгэн эрсдэл үүссэнийг мэдэх боломжгүй байдаг. Гэвч өнөөдөр манай улсад энэ бодис тасарсны улмаас эмэгтэйчүүд эрсдэлээ мэдэж чадахгүй, удаан хугацаагаар дугаарлан хүлээж байна.
“НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИД МЭДЭГДЭЛ ЯВУУЛСАН Ч ХАРИУ ИРЭЭГҮЙ БАЙНА”
Ээжүүдээс ирсэн хүсэлтийн дагуу бид ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Алтанзулаас энэ асуудлыг тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ“Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв аливаа эм, эмийн хэрэгслийг тендерээр нийлүүлдэг. “Илдэнгүн хошуу” ХХК энэ урвалж нийлүүлэх тендерт ялсан. Зургаадугаар сарын 22-нд тухайн компанитай хийсэн гэрээний дагуу бидэнд энэ урвалжийг нийлүүлэх ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой шалтгаанаар нийлүүлэх боломжгүй гэсэн хариулт өгч байна.
Өнгөрсөн хугацаанд бид Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон “Илдэнгүн хошуу” ХХК-д тухай бүрд нь мэдэгдэл явуулсан. Мэдэгдлийн хариуг хүлээж байна. Манай байгууллага тодорхой хэмжээнд бүрдүүлсэн нөөц тодорхой хугацаанд зарцуулагдах ёстой байдаг. Түүнийгээ тооцож, тухайн урвалж, бүтээгдэхүүн, эм нийлүүлэх компаниудтай гэрээ байгуулдаг. Хүлээгдсэн хугацаанаасаа нийлүүлэгч компани хоцорсон учраас манай нөөц дууссан” гэсэн тайлбар өгсөн юм.
ОРОС, УКРАИНЫ ДАЙНААС БОЛЖ, ХОЙД ХӨРШӨӨС БОДИС АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ
Мөн бид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Очирмаагаас тухайн шинжилгээний бодис яагаад тасарсан, яаралтай оруулж ирэхийн тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тодрууллаа.
Ургийн усны шингэний бодис нь тээвэрлэлтийн онцгой горим шаардагддаг. Өөрөөр хэлбэл, хасах температурт тээвэрлэдэг. Өмнө нь ОХУ-аас тээвэрлэж оруулдаг байсан. Гэтэл Орос, Украины дайны байдлаас шалтгаалан тээвэрлэлт зогссон. Одоо Герман улсаас “Илдэн гүн” ХХК оруулж байна. Гэтэл Герман улсаас ирэх тээвэр нь БНСУ-ын Инчоноор дамждаг. Манай улсын зүгээс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нөлөөлөх саад байхгүй. Цаад газраас нэн яаралтай татан оруулж ирэхэд чанар, аюулгүйн байдлыг алдагдуулахгүй, тээврийн онцгой байдлыг зөрчихгүйгээр оруулж ирэх асуудлыг хүлээж байна.
Эрүүл мэндийн байгууллагууд, эм ханган нийлүүлэх газруудад манай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас нөөцийн бэлэн байдлыг хангах чухал гэдгийг сануулдаг. Багадаа хоёроос гурван сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх үүрэг даалгаврыг өгч ажилладаг. Үүний дагуу эрүүл мэндийн байгууллагууд нөөцөө бүрдүүлж ажиллах ёстой.
ХУГАЦААНДАА ШИНЖИЛГЭЭГЭЭ ӨГЧ ЧАДААГҮЙГЭЭС ШАЛТГААЛАН УРГИЙН ГАЖИГТАЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛЧИХВОЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ?
Ургийн усны шинжилгээ өгөхөөр хүлээж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл бидэнд дараах мэдээллийг өглөө.
Та ургийн усны шинжилгээ өгөх гэж байгаа юм байна. Хэзээнээс ургийн усны шинжилгээ өгөхөөр хүлээж байна вэ? Яагаад энэ шинжилгээг өгөхөөр болсон бэ?
Би одоо дөрвөн сартай жирэмсэн. Хүүхдийн эхэн үед өгдөг НТ-ийн шинжилгээ маань муу гарсан. Энэ шинжилгээ муу гарсан учир их санаа зовж, олон газраар явж үзсэн. Гэтэл эх нялхаст ургийн усны шинжилгээ гэж байдаг. Энэ нь ураг гажигтай эсэхийг 100 хувь тодорхойлдог гэдгийг олж мэдсэн л дээ. Ингээд бид эх нялхаст шинжилгээний цаг авах гэтэл яг одоо боломжгүй гэсэн хариу авсан. Тухайн шинжилгээний бодис нийлүүлдэг компани нь шингэнээ нийлүүлэхгүй удаж байгаа гэдэг шалтгаанаар маш олон ээжүүд хохирч, санаа зовж байна. Хэрвээ, муугаар бодоход, миний хүүхэд ургийн гажигтай байлаа гэхэд 16-17 долоо хоногтойд л үүнийг нь тодорхойлж, үр хөндөлт хийлгэх боломжтой байдаг. Үр хөндөлт хийлгэх боломжгүй болж, үнэхээр ургийн гажигтай хүүхэдтэй болчихвол хэн хариуцлага хүлээх вэ? Маш их гомдолтой, түгшүүртэй байна” гэсэн юм.
Видео мэдээллийг дээрээс үзнэ үү.