Бид Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод үйл ажиллагаа явуулдаг “Сайхан түмэн гутал” ХХК-ийн үйлдвэрлэгчтэй ярилцлаа. Тэрээр 20 гаруй жилийн турш орон нутагтаа гутал үйлдвэрлэж байгаа юм.
Гутлын үйлдвэрээ анх яаж байгуулсан бэ? Гутлаа хаана үйлдвэрлэдэг вэ?
Сум, орон нутагтаа үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил гутал үйлдвэрлэж байна. Сүүлийн үед гутлаа сошиал сувгаар буюу фэйсбүүк хуудсаар борлуулж байна. Гутлаа ихэнхдээ захиалгаар хийдэг. Гоёлын болон хөдөлмөр хамгааллын чиглэлээр гутал үйлдвэрлэж, үйл ажиллагаа явуулдаг.
Гутлынх нь онцлог юу вэ? Ийм олон жилийн туршлагатай учир сайн, чанартай гутал хийдэг байх. Түүхий эдээ хаанаас авдаг вэ. Чанарын баталгаа нь юу вэ. Нутгийн иргэд сайн хэрэглэдэг үү?
Нутгийн иргэд маш их захиалга өгч, хэрэглэдэг. Мөн хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэхдээ бид тухайн үйлдвэрийнхээ ажлын онцлогт тохируулан, зориулалтын ажлын гутал үйлдвэрлэдэг. Тухайн ажлын гутлыг эрүүл ахуйн шаардлага хангаж, бэлтгэн нийлүүлдэг.
Түүхий эдийн гол материал нь ОХУ-ын болон Дархан нэхий үйлдвэрийн нэхийний материалаар үйлдвэрлэж байна.
Сард хэдэн гутал үйлдвэрлэдэг вэ, жилийн борлуулалт ямар байдаг вэ?
Бид одоогийн байдлаар өдөрт хөдөлмөр хамгааллын 5-10 гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Цаашид тогтвортой хамтран ажиллагчтай болбол үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, хоногт 50-60 гутал хийх боломжтой. Мөн түүнийг дагаад тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талтай.
Одоо нийт хэдэн ажилтантай вэ. Улаанбаатар хотод гутлаа зардаг уу?
Манайх үндсэн дөрвөн ажилтантай. Захиалгын байдлаас шалтгаалан их хэмжээгтй захиалгатай үедээ нэмэлтээр түр ажилчид авч ажиллуулдаг. Гоёлын гутлуудаа Улаанбаатар хот руу гэрээт борлуулагчдын сувгуудаар дамжуулан борлуулж байна.
Жишээлбэл хүүхдийн гутал ямар үнэтэй зарагддаг вэ?
Хүүхдийн гутал цэвэр арьс, ширэн материалаар хийдэг. 65-75 мянган төгрөгийн хооронд зарагддаг. Гутлын хэмжээ багасах тусам үнэ нь багасна. Хэмжээ томрох, загвар хийц өөрчлөгдөх зэргээс хамааран үнийн хувьд өөр өөр. Зах зээлийн үнэлгээ нь яг бодит үнэлгээгээрээ зарагддаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.