Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ашигт малтмалын лиценз, дархан цаазат газарт хэн ямар газар эзэмшиж байгаа, орон сууц хүлээн авах улсын комиссын шийдвэртэй танилцах эрх Нийтийн мэдээллийн тухай хуулиар нээлттэй болсон. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн дагуу 3.6 сая мэдэгдэл төрийн цахим шуудангаар дамжин иргэдэд хүрсэн байна.
Түгжрэл, төвлөрөл, төрийн албаны хүнд сурталтай холбогдуулан тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах шаардлагатай. Одоогоор 266 мянган тоон гарын үсгийг иргэдэд тараасан байна. Энэ ажлыг эрчимжүүлнэ. Улсын хэмжээнд таван алслагдсан сум, боомтод шилэн кабель тавих ажил энэ онд дуусна.
Ерөнхий сайдын дэргэд цахим хөгжлийн хороо ажиллаж байсан. Уг хороог салбарын сайд өөрөө ахалж, салбар болгоны хуулиар нээгдсэн мэдээллийг нээлттэй болгох ажлыг зохион байгуулна. Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт амжилттай хэрэгжиж байгаа. Цахим хөгжил, харилцаа холбооны салбар бодлогоо баримтална. Харин хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор тодорхой ажлаа гүйцэтгүүлнэ. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг хална" гэлээ.