Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд Мохаммад Мехди Барадаран тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзав.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, эртний түүхэн хэлхээ холбоотой Монгол, Ираны уламжлалт харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотоллоо.
Мохаммад Мехди Барадараны Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.
Төлөөлөгчид Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлага, мөн Нийслэлийн Засаг даргатай тус тус уулзалт хийж байгаа юм.
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны дэд сайд Мохаммад Мехди Барадараны ажлын айлчлал 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: ГХЯ