Б.Болор-Эрдэнэ 2020 онд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим хөгжлийн дэмжих багц хуулиуд болон төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-г санаачлан хэрэгжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай хүргэх тал дээр анхаарч ажиллаж байсан бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлсэн юм.
БОЛОВСРОЛ
- 2016-2017: Оксфордын Их Сургууль, Англи, Нийтийн удирдлагын магистрын зэрэг
- 2011-2014: Хандон Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистрын зэрэг
- 2007-2011: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Олон Улсын Харилцааны бакалаврын зэрэг
- 1999-2007: Булган аймаг Ерөнхий боловсролын сургууль
АЖЛЫН ТУРШЛАГА
- 2022.01-одоог хүртэл: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2020.07-2022.01: Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга
- 2020.01-2020.07 Монгол Улс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Цахим хөгжлийн үндэсний хорооны Ажлын албаны дарга
- 2019-2020.07: Оксфордын Их Сургууль болон Гейтс сангийн хамтарсан санхүүжилттэй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн зохицуулагч
- 2018-2020.07: Дэлхийн банк, Австрали Улс дахь салбарт Үнэлгээний зөвлөх
- 2017.05-2017.09: Их Британийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Судлаач
- 2011-2017: Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байсан.
ОНЦЛОХ АЖЛУУД – Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia -г нэвтрүүлэв.
e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээ нэгтгэгдээд байна. Мөн 21 аймгийн 1284 үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж мөн тус системд нэгтгэгдээд байна. Тус систем нь өнөөдрийн байдлаар 1.9 сая идэвхтэй хэрэгчидтэй болсон бөгөөд нийтдээ 14 сая гаруй үйлчилгээг цахимаар иргэд болон хуулийн этгээдэд хүргээд байна.
Цахим хөгжлийн багц хуулиудыг батлуулж хэрэгжилтийн ханган ажиллаж байна.
Цахим хөгжлийн багц хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлуулав.
Эдгээр цахим хөгжлийн багц хууль 2022 оны 05-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Засгийн газраар 13, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын тушаалаар 7, нийт 20 журмыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
“Цахим үндэстэн” бодлогын бичиг баримт бичгийг боловсруулж батлуулав.
Монгол улсын урт, дунд хугацааны бодлогын бичиг баримт бичигт нийцүүлэн Цахим үндэстэн бодлогын бичиг баримтыг боловсруулж батлуулав. Уг бодлогын бичиг баримт нь дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том зорилттой.
Цахим үндэстэн – Digital Nation арга хэмжээг зохион байгуулав
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга болох ICT EXPO-г 2021 онд цар хүрээг нь өргөжүүлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон DIGITAL NATION-2021 -г 2021 оны 09 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулав.
Код бичих охидын хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлэв
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийн хүйсийн тэнцвэрийг хангах, ирээдүй хойч үеэ технологийн салбарт дурлуулах, хүүхэд залуусын сонирхлыг ХХМТ-ийн салбарт татах зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр”-ийг санаачилж амжилттай хэрэгжүүлэв. Энэхүү хөтөлбөрөөр 2021 онд 30 охидыг амжилттай хамруулсан бол 2022 онд 50 охидыг тус хөтөлбөрт хамруулсан.
Бусад салбарын хөгжлийг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэв
Засгийн газрын цахим хуралдааны системийг амжилттай нэвтрүүлснээр түргэн шуурхай болсон.
Үндэсний их баяр наадмын билетээр анх удаа цахимаар борлуулав. Ингэснээр иргэд хүндрэл чирэгдэлгүй болсон.
Боловсролын салбар иргэдийн дунд хамгийн их бухимдал үүсгэдэг байсан цэцэрлэг болон 1-р ангийн бүртгэлийг цахимаар бүртгэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
Гадаад хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргав
Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэх, сайн туршлага судлах, мэдээлэл технологи, харилцаа холбооны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, салбарын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах зорилгоор олон улсын байгууллагууд, дэлхийд тэргүүлэгч технологийн компаниуд болон донор байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Тухайлбал, харилцаа холбооны салбарын хууль эрх зүй, бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Олон Улсын цахилгаан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, шуудан холбооны чиглэлээр Дэлхийн шуудангийн холбооны байгууллага, Ази номхон далайн шуудангийн холбооны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.
Мөн төрийн байгууллагын албан хаагчдыг албан ёсны эрхтэй программ хангамж хэрэглүүлж хэвших зорилгоор Майкрософт компанитай хямд үнийн хэлэлцээрийг амжилттай хийж байна. Цаашилбал мэдээллийн технологийг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр Google, Meta зэрэг дэлхийн нэр хүнтэй компаниудтай гадаад харилцаагаа өргөжүүлж байна.
Сансрын технологийг хөгжүүлэх чиглэлд Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Америкийн сансар судлалын байгууллага (NASA), Сансрын техник, технологийн тэргүүлэгч компани Space X, ОХУ-ын сансар судлалын улсын үйлдвэрийн газар Роскосмос, олон улсын сансрын холбооны байгууллага Интерспутник зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.
Түүнчлэн цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Эстони Улсын Цахим засаглалын академи, Сингапур улсын Харилцаа холбоо, мэдээллийн яамтай тус тус хамтран ажиллах санамж байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг донор байгууллагуудтай харилцан уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж байна.
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ЗОЛБАЯР
2016 оноос хойш Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд “Монголын хөгжлийн сүлжээ-2021” стратегийг боловсруулж, орон нутгийн цахим хэрэглээг 9 дахин өсгөх, дамжуулах сүлжээний нэгж үнийг 5 дахин бууруулах ажлыг хэрэгжүүлж, үндсэн сүлжээний багтаамжийг аймаг бүрт 20 дахин нэмэгдүүлэн Монгол Улсад цахим шилжилт хийх суурь дэд бүтцийг байгуулах ажлыг оновчтой зохион байгуулсан эрхэм билээ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын телевизийн дөрвөн сувгийг тоон системд шилжүүлэн, орон даяар дамжуулах төслийг боловсруулж, удирдан хэрэгжүүлж, орон даяар ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Түүнчлэн Монгол Улсын дамжуулах сүлжээний багтаамж 168 дахин, хөдөлгөөнт холбооны 4G хэрэглэгчийн тоо 10.4 дахин, хөдөө орон нутгийн интернэт хэрэглээний бодит урсгал 15.5 дахин нэмэгдсэн шууд үр дүнг гаргасан.
БОЛОВСРОЛ
- ЕБС-ийн 54-р сургууль
- ШУТИС-ийн ХМТС-ийн Мэдээллийн технологи, техникийн ухааны магистр
АЖИЛ
- 2016-2022 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- 2012-2015 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга
- 2009-2012 он: Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга
- 2007-2009 он: Энжинекс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- 2005-2007 он: Интелликом ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- 2001-2005 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газрын Хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн
- 2000-2001 он: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн программист