ЗХУ-ын сүүлчийн удирдагч таалал төгсчээ. Михаил Горбачев нь 1985-1991 он буюу ЗХУ-ыг задрах хүртэл хойд хөршийг удирдаж байв. Тэрээр Мягмар гарагийн орой, 91 насандаа хүнд өвчний улмаас таалал төгссөнийг Оросын томоохон хэвлэлүүд мэдээлжээ. Түүнийг эхнэр Раисагийнх нь дэргэд, Москвагийн Новодевичьегийн оршуулгын газарт оршуулах юм байна. Эхнэр Райса Горбачева нь 1999 онд нас барсан юм.
Михаил Горбачев анх 1985 онд ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичиг болсон даруйдаа улс төр, эдийн засгийг чөлөөт байлгах системийг бүрэлдүүлж байв. Түүнчлэн, 1989 онд Зүүн европын зөвлөлтийн орнуудад ардчиллыг дэмжсэн жагсаал өрнөхөд тэдний эсрэг хүч хэрэглэхээс татгалзаж байжээ. Харин 1991 онд ЗХУ задарснаар хүйтэн дайн дуусч, зүүн Европын хэд хэдэн орон тусгаар тогтнож байсан юм.
М.Горбачев 1992 онд “Associated Press”-д өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө улс орон, Европ, цаашлаад дэлхий дахинд шаардлагатай шинэчлэлийг хийсэн хүн гэж хардаг” хэмээн хэлж байжээ. Түүний хүйтэн дайныг дуусгахад оролцсон хувь нэмрийг нь үнэлж, 1990 онд Нобелийн энх тайвны шагналаар шагнаж байсан. Гэхдээ олон мянган Оросууд түүнийг ЗХУ-ын задрал, нийгэм болоод эдийн засгийн хямралд буруутгаж үздэг байсан юм.
Дэлхийн олон удирдагчид эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд үүний нэг болох Европын Комиссын дарга Урсула Фон Дер Ляйен “Тэрээр Европт эрх чөлөөг авчирсан, төмөр хөшгийг буулгасан хүндтэй удирдагч байлаа” гэж твиттер хуудсандаа жиргэжээ.
Эх сурвалж: AL JAZEERA