Түүх бидний хэн байсныг тодорхойлж, хэн болохыг хэлж өгдөг. Тэгвэл бид соёлын өв болсон түүхэн барилга байшин, хуучин хотуудаа сүйдэлж, өнгөрсөнд үлдсэн ул мөрөө эргэж харах боломжгүй болж буй талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр хэллээ. Түүнтэй бид Тавдугаар Богд хааны зуншдаг байсан Цагаан ордны түүхийн талаар болон хөндөх учиртай сэдвийн талаар ярилцлаа.
– Ярилцлагаа Богд хааны ордны түүхээс эхэлбэл оновчтой байх. Ер нь Богд хаан хэдэн ордонтой байсан юм бэ?
– ХХ зууны эхэн үед Монгол улсын нийслэлд Богд хаан дөрвөн ордонтой байсан. Энэ дөрвөн ордноос одоогоор нэг ордон цогцолбор хэлбэрээр хадгалагдан үлдсэн байна. Нэг ордноос нь дөрвөн барилга үлдсэн. Үлдсэн хоёр нь устсан гэсэн үг. 1937 онд хоёр ордныг нь устгасан юм. Устгасан хоёр ордны нэг нь Богдын цагаан ордон буюу Гунгаадэжидлэн. Энэ ордныг Тавдугаар Богд Жавзандамба хутагт 1840 онд Туул голын хойд талд барьсан. Туул голын энэ орчимд Богд хаан амьдардаг байсан гэх түүхтэй. Тавдугаар Богдоос хойш Наймдугаар Богд хүртэлх хаадууд Туул гол, Дунд голын орчимд амьдарч байсан. Энэ нутгийн бэлчээрийг Богдын өндгөн суурийн нутаг гэж нэрэлж байж. Энэ орчимд Цагаан ордон, Ногоон ордон, Хүрэн ордон гэж байсан. Цагаан ордон нь Богдын хааны зуны ордон юм л даа. Маш гоёмсог цагаан өнгөтэй, цагаан хашаатай. Дотроо маш олон сүм хийдтэй. Наймдугаар богдын үед энэ ордонд зураачдын бүтээлийг байрлуулж, нэг ёсондоо галлерей маягийн зохицуулалтаар ашиглаж байсан. Мөн энэ ордонд Өндөр гэгээн Занабазар болон түүний дэг сургуулиар бүтээсэн бурхад, барималуудыг хадгалж олон нийтэд үзүүлж байжээ. Олон нийт энэ ордныг “Эргэдэг цагаан сүм” гэж нэрлэдэг байсан байна. Учир нь хүмүүс ордныг гороо хийж тойрдог байж л дээ.
– 1937 он буюу хэлмэгдүүлэлтийн үед энэ ордныг буулгаж ээ дээ?
– Гэрэл зургуудаас үзэхэд буулгах ажил 1937 онд эхлээд, 1953 он гэхэд эргэн тойрон дахь сүм хийдийг буулгасан. 1980 онд дуганаас үлдсэн барилгыг тэр чигт нь буулгаж нураасан гэх түүхэн судалгаа бий. Суурин дээр нь сүүлд арьс ширний үйлдвэр ч байгуулж байсан. Одоогоор Пирамид Индестрал гэх компани ордон байсан газрыг хашаалж үйл ажиллагаагаа явуулж байна. Богд хаан нас барсны дараа орднууд үнэ цэнээ алдсан. Социализмын үед энэ хэсэг газрууд аж үйлдвэрлэлийн өлгий нутаг болж байсан түүхтэй юм билээ.
– Үүнээс бидний хөндөх ёстой асуудал нь юу вэ?
-1937 онд маш олон сүм хийдийг устгасан. 700 гаруй сүм хийд устгасан гэх судлаачдын судалгаа бий. Бидний 400-500 жилийн маш том соёлын өв, түүхийг ХХ зуунд устгасан байна. Бурхны шашнаар дамжиж орж ирсэн соёл, мэдлэгээ бид алдсан.
УСТГАГДСАН СОЁЛЫН ӨВҮҮДЭЭ ВИРТУАЛ ОРЧИНД СЭРГЭЭХ ШААРДЛАГАТАЙ
– Тэгвэл одоо бид юу хийж чадах вэ?
– Бид мэдээж буулгасан, суурин дээр нь өөр барилга баригдчихсан хойно нь сэргээж чадахгүй. Бидэнд архивын мэдээлэл байна. Тиймээс онлайн “Д виртуал” хэлбэрээр сэргээх боломжтой. Богд хаан гэж хэн байсан юм бэ? Орднууд нь ямар үүх түүхтэй байсан юм бэ? гэсэн энэ зүйлүүдийг бид сэргээх боломжтой. Монголын богдууд тухайн үедээ хамгийн баян тансаг, цуглуулгатай хүмүүс байсан. Одоо үүнийг бид виртуал орчинд сэргээх шаардлагатай гэж үзэж байна.
– Түүхэн соёлын өвөө сэргээх нь ямар ач холбогдолтой талаар та яриач?
-Цагаан ордон бол хуучин хотод харьяалагдах үнэ цэн бүхий газар байсан. Өнөөдөр Богдын хүрээ гэх хуучин хотоос долоон сүм хийд, найман барилга, гурван хөшөө л үлдсэн. Тухайн үеийн гудамж, орчин гэх зүйлийг тэр чигт нь буулгасан байна. Богдын хүрээгээ буулгаад Социалист Улаанбаатарыг бий болгосон. Ажилчин үеийн энэ хотоо бид аман байдлаар Азийн цагаан дагина гэж нэрийддэг байлаа. Ингээд 1990 оноос эхлэн “Шилэн Улаанбаатар” хотыг байгуулж байна. Ингэж байгуулахдаа Азийн цагаан дагина гэх хотоо буулгаад дууслаа шүү дээ.
ХХ зуунд бид Богдын хүрээгээ буулгасан хол XXI зуунд “Социалист Улаанбаатар” хотоо буулгалаа. Үүний цаана бидний ой санамж, үүх түүхээ нурж байгаа юм. Одоо их зохиолч Д.Нацагдоржийн амьдарч байсан байшин байхгүй. Ц.Дамдинсүрэн, Б.Ренчингуай нарын амьдарч байсан байшин байгаа юу? Хамгаалалтад авсан уу? Мэдэхгүй. Маш олон түүхээ бид хаясан. Улаанбаатарт одоо Социалист дүр төрхөө хадгалсан нэг ч газар байхгүй. Хуучин хотынхоо хэсэг орон зайг авч үлддэг ойлголт байхгүй байгаа нь хөндөх сэдэв мөн.
Бидний хэн гэдгийг түүх л хэлж өгнө. Хуучин хотоо авч үлдсэнээр түүнийг дагах маш олон ажлын байрууд бий болно. Сэргээн засварладаг. Зургийг нь хийдэг байгууллагууд бий болно гэсэн үг. Үүнийг дагаад эдийн засаг эргэлтэд орно. Өөрөөр хэлбэл түүх соёлын ой санамж, соёлын өвөө зарах гээд байна шүү дээ. Үүний цаана Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх гээд байгаа юм.
Бид сүүлийн арван жил аялал жуулчлалаа хөгжүүлнэ гээд маш эрчимтэй ярьж байна. Гэтэл үүний эсрэг үйл ажиллагааг хийгээд байдаг. Хуучин хот, соёлын өвөө хамгаалж байж аялал жуучлалаа хөгжүүлнэ. Хотын аялал бол соёлын аялал. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хотоо хуучнаар нь хадгалж үлддэг шүү дээ. Манайхан бол бүгдийг нь газар доор булшилдаг. Энэ байдлаа зогсоож үнэ цэнээ ухамсарлах нь зүй.
Ярилцсанд баярлалаа.