БНСУ-ын Сөүл хотоос 160 км зайд байрлах Өмнөд Чүнчон аймгийн нэгэн дунд сургуулийн эрэгтэй сурагч хичээлийн үеэр хэвтэж, утсаараа оролдож байгаа бичлэг БНСУ-ын нийгмийн анхаарлын төвд ороод байна. Энэхүү 12 секундийн бичлэг сурагч багшийгаа доороос нь бичсэн үү, эсвэл утсаараа мэдээлэл хайж байсан уу" гэсэн үндсэн хоёр асуултыг цахим сүлжээнд үүсгэжээ. Харин бичлэгт багш түүний үйлдлийг үл тоож, хичээлээ үргэлжлүүлэн зааж байсан бол бусад сурагч түүнийг зогсоох ямар нэг үйлдэл хийгээгүй байна. Тус сурагч бичлэг, зураг алийг авсан нь одоогоор мэдэгдэхгүй байгаа талаар албаныхан хэлжээ.
Асуудлын гол нь, энэ бичлэг цацагдсанаар багш нарын эрх зөрчигдсөн эсэх талаар ширүүн маргааныг нийгмийн сүлжээнд олон нийт өрнүүлж байна. Тиймээс орон нутгийн боловсролын газраас уг бичлэгийг устгаж, хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, сурагч залгуурын ойролцоо утсаа цэнэглэж байсан уу, багшийн эрхийг зөрчсөн үү гэдгийг тодруулахаар шалгаж байгаа гэдгийг тус байгууллагаас хэлсэн байна.
Харин БНСУ-ын багш, боловсролын ажилтнуудын эвлэлийн салбар зөвлөл хэнэ хэргийг сайтар анхааралдаа авч, хянахыг шаардсан мэдэгдэл гаргажээ.
БНСУ-д дунд сургуулийн сурагчдыг ялгаварлан гадуурхах хэрэг ихээр гардаг. Түүнчлэн, багш нарын эрх зөрчигдөх явдал багагүй гардаг байна. Тухайлбал, 2021 оны эхний хагасын байдлаар тус улсад багш нарын эсрэг бэлгийн хүчирхийллийн тохиолдол 150 гаруй бүртгэгдсэн байна. Энэ нь хөл хорионы үед цахимаар хичээллэж байхад илүү их бүртгэгджээ. Сурагчид ихэвчлэн нэрээ нууцалж хэрэг үйлддэг байсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн эмэгтэй багш нар байгааг мөн дурдсан байна. 2020-2021 оны хооронд гарсан энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 94.5 хувь нь эмэгтэй багш нар байжээ.
Эх сурвалж: YONHAP AGENCY