АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Тайваньтай зэвсгийн худалдаа хийхээр төлөвлөж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Үүнд, пуужин, радар зэрэг зэвсгүүд багтаж байна. Ингэснээр АНУ хуулийн дагуу Тайванийг өөрсдийгөө хамгаалах хэрэгслээр хангасан хэрэг болно гэж томоохон хэвлэлүүд онцолж байна. Тайваньд АНУ-ын сөнөөгч онгоцууд бий. Онгоцыг ашиглахад шаардлагатай зэвсгүүд ч энэхүү багцад мөн багтаж байгаа юм байна.
Энэ сар гарсаар Тайвань, БНХАУ, АНУ-ын харилцаа эрс муудсан. Тухайлбал, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлал, АНУ-ын Конгрессийн гишүүдийн айлчлал үүнд гол нөлөө үзүүлсэн. Мөн өнгөрсөн Ням гарагт АНУ-ын байлдааны хоёр хөлөг Тайванийн хоолойгоор дамжин өнгөрсөн зэрэг нь гурван улсын хооронд нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгоход нөлөөлж байгаа талаар шинжээчид сануулаад байна.
АНУ, Тайвань хооронд зэвсгийн худалдаа хийх ажил одоогоор эхний шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, Байдены засаг захиргаа энэ талаар албан ёсоор зарлаж байж, дараагийн шатны зөвшөөрөл авах юм байна. Хууль тогтоогчид уг зэвсгийн худалдааг зөвшөөрөх өндөр магадлалтай байгааг албан эх сурвалжууд мэдээлсээр байна.
Эх сурвалж: Aljazeera