Хэн нэгэн “Эх орноо тойрон явган аялъя” гэвэл уншигч та зөвшөөрөх үү. Тэдэн мянган км туулах нь битгий хэл олон хоногийн турш алхана гээд төсөөлөхөд ч бэрх санагдах нь мэдээж. Цаашлаад, автомашинаар бартаа ихтэй, хол газар аялахад ч ямар хэцүү, хэчнээн ядардаг билээ дээ.
Тэгвэл нэгэн иргэн 165 хоногийн турш алхан, 8000 гаруй км туулж, эх орноо бүтэн тойроод, өчигдөр Улаанбаатар хотод ирсэн гэвэл итгэх үү? Эл бахархам, толгой сэгсрэм амжилтын эзэн бол Ч.Ганбаяр. Мэргэжлийн тамирчин, туршлагатай аялагч бус жирийн нэгэн иргэн тэрбээр 21 аймгаар явган аялахдаа хоёр сая хүрэхгүй төгрөг зарцуулсан гэнэ. Үлгэрлэмээр, суралцмаар байгаа биз.
Ч.Ганбаяр аяллын турш монгол аргаар бэлтгэсэн хоол, хүнс, эмийн ургамал хэрэглэн, ядарч сульдахаас өөрийгөө хамгаалжээ. Зав, боломж л гарвал аль болох аялж, эрүүл байхыг бусдад уриалж буй түүнийг Улаанбаатарт ирэхээр нь угтах гээд холбоо барихад “Ах нь хот руу ороод ирчихсэн явна. Одоо замаараа ээждээ цэцэг авна. Тэгээд морин цагт, 11.40 минут гэхэд Сүхбаатарын талбайд очно” гэсэн юм. Өөрийгөө ялж, аялахын, эрүүл байхын чухлыг, үнэ цэнийг бусдад үлгэрлэж буй Ч.Ганбаяртай ярилцлаа.
ЭНЭ АЯЛЛАА ЭЭЖДЭЭ, ХАНЬДАА ЗОРИУЛЛАА
-Сайн явж ирэв үү, Та. Өөрийгөө ялж, зорилгодоо хүрсэнд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Эх орноо тойрон явган аялах зорилгодоо хүрлээ, өөрийгөө яллаа. Сэтгэл их хөдөлж байна. Маш их баяртай байна. Улаанбаатар хот руу дөхөх тусам сэтгэл бүр ч их хөдөлж, догдоллоо. Ээждээ, ханьдаа, гэр бүлийнхэн дээрээ хурдан ирэх сэн гээд догдолдог юм байна. Гэхдээ би аль болох тайван байж, сэтгэл хөдлөлөө дарахыг хичээлээ.
– Тантай түрүүн холбоо барихад “Замаараа ээждээ цэцэг авна” гэсэн. Тэгэхээр ээжийгээ баярлуулъя гэж чин сэтгэлээсээ хүссэн бололтой. Энэ явган аяллаа ээждээ зориулсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Энэ явган аяллаа ээждээ, ханьдаа, бүх хайртай хүмүүстээ зориуллаа. 165 хоногийн хугацаанд эх орноо тойрон явган аялж ирснээсээ илүү ээжийгээ баярлахыг харах бүр ч сайхан байлаа.
ЭХ ОРНООРОО АЯЛАХ САНАА, ХҮСЛИЙГ МИНЬ ТӨРҮҮЛСЭН ХҮН БОЛ “ЯВГАН ХУРАНДАА”
-1000 бус 8000 км замыг явган туулах амаргүй. Энэ аяллыг хийх санаа танд хэзээ төрсөн бэ?
-Монголд алхалтын анхны суурийг тавьсан хүн бол “Явган хурандаа”. Монгол орныхоо бүх хилийг жил гаруйн хугацаанд тойрсон хүн байсан гэнэ лээ. Тухайн үед фэйсбүүк хөгжөөгүй байлаа. Эх орноо тойрч буй явган аяллынх нь талаар радиогоор үлгэр домог мэт ярьдаг, дамжуулдаг байсан юм. Намайг өөрчилсөн, явган аялалд дурлуулсан хүн бол яах аргагүй “Явган хурандаа”. Эх орноо тойрон явган аялах санаа, хүсэл төрсөн минь тэндээс эхлэлтэй.
-Аяллын маршрутаа хэрхэн гаргасан бэ. Эх орныхоо үзэсгэлэнт, түүхэн газруудад очиж амжив уу?
-Эх орныхоо гол, гол үзэсгэлэнт, түүхэн газруудад аль болох очихыг, үзэхийг чухалчиллаа. Анх 6600 км туулах маршруттай байсан. Мэдээж яг тэр маршрутын дагуу явахаар чухал газруудын ихэнх байхгүй нь тодорхой. Үзэсгэлэнт, түүхэн газруудад очихын тулд маршрутаасаа хазайсан нь цөөнгүй. Тэгж явсаар яг 8020 гаруй км туулаад ирлээ.
Монголынхоо бүх аймгаар орсон. Төрийн тахилгатай есөн газраас ганцад нь л очиж чадсангүй. Бусдаар нь орчихлоо. Алтан-Овоонд очиж чадаагүйдээ сэтгэл гонсгор л байна. За, яах вэ юм нэгээр дуусах биш. Дараа очих боломж гарах байх.
ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛЖ НОМ БИЧНЭ
-Та ганцаараа явсан уу. Эсвэл хэн нэгэн автомашинтай дагаж, хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгдөг байв уу?
-Тэгээгүй ээ, аяллын турш ганцаараа явлаа. Өөрөө өөртөө эмч, тогооч, манаач, хамгаалагч боллоо. Тэгж явсаар ирлээ. Энэ аяллаар маш их зүйл үзлээ, мэдлээ. Залуучууддаа зориулж нэг ном бичих төлөвлөгөө бий.
-Ном нь аяллын тухай сэдэвтэй юү. Эсвэл өөр үү?
-Өөр биш ээ, аяллын талаар…
-165 хоногийн турш явган аялахад олон саад, бэрхшээл тулгарсан нь ойлгомжтой. Шантрах үедээ өөрийгөө хэрхэн хурцалсан бэ?
-Хэцүү, шантармаар зүйл тохиолдсоныг хэлээд баршгүй. Хөл холгох, хумс мултарч унах бол наад захын бэрхшээл. Тэр бүхэнд огт шантарч, “Больё” гэж бодоогүй. Эндээс анх гарахдаа сэтгэл зүйгээ сайтар бэлдэн, зорилгоо тодорхойлчихсон байсан. Тиймээс хэцүү бүхнийг даваад гарлаа.
БОРОО ОРОХЫГ ҮНЭРЭЭР НЬ УРЬДЧИЛЖ МЭДЭЭД ЯВЛАА
-Олон хоногийн турш алхахад эрүүл мэнд их чухал. Эрүүл мэндэд тань ямар нэгэн хүндрэл гарсан уу?
-Баян-Өлгийд явж байхад нэг хүн тарваганы боодгоор дайлсан юм. Гэтэл хоолны хордлогод ороод ёстой балрах шахсан. Бусдаар харьцангуй гайгүй ээ. Ёстой торохгүй явсаар ирлээ. Би бороонд хоёр удаа л шалба норсон. Гэнэ алдчихгүй юу. Бусад үед урьдчилж мэдрээд явсан.
-Яаж мэдэрсэн бэ?
-Монгол хүн цаанаасаа мэдрэхүйтэй. Байгаль дэлхийтэй харьцаж сурсан ард түмэн. Би бороо орохыг үнэрээр нь урьдчилж мэдээд явлаа. Бороо гэлтгүй байгалийн элдэв үзэгдэл болох эсэхийг амьтдын хөдөлгөөн, зан аашнаас ч мэдэж чадна. Шувуу хүртэл мэдээлэл өгдөг шүү дээ. Ер нь монгол хүний бэлгийн амьтан бол чоно, нохой, морь гурав. Чоно гэснээс намайг хэд хэдэн удаа чоно дагасан. Хээрээр голдуу ганцаараа алхсан юм чинь дагах нь ч аргагүй л дээ.
-Та айсан уу?
-Айсан уу. Монгол хүнийг чоно хэр барагтаа барихгүй. Чоно дагаад, дөхөөд ирэхээр нь хөгжмөө чангалчихаад л яваад байлаа.
МОНГОЛ ХООЛ, СУЛЬ, СУЛЬХИР, ЭМИЙН УРГАМАЛ ХҮНСЭНДЭЭ ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭСЭН
-Аяллынхаа турш та ямар хүнс түлхүү хэрэглэв?
-Би аяллынхаа турш цайны газраар бага орсон. Зөөврийн цэнэглэгчээ цэнэглэхийн тулд хоёр удаа буудалд хоносон. Монгол ном судраас судалж байгаад монгол хоол бэлдэж, хэрэглэж явлаа. Өдөрт арвай, сулхирын гурил, шар тос, зөгийн бал, хунчир, эмийн ургамлууд хольсон үрэлнүүд түлхүү идсэн. Алхах зуураа идээд л яваад байлаа. Тэгээд явахаар бие тамир тэнхээ алдахгүй.
Би 10 төрлийн эмийн ургамал мэддэг. Наад зах нь цайны оронд эмийн ургамал уугаад явсан.
165 ХОНОГТ 8000 КМ ТУУЛАХДАА ХОЁР САЯ ХҮРЭХГҮЙ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЛАА
-Тэгэхээр хамаагүй төсөр туссан уу?
-Тэгэлгүй яах вэ. Би 165 хоногийн турш алхан, 21 аймгаар орж, 8000 км туулахдаа хоёр сая хүрэхгүй төгрөг зарцуулсан.
-Олон хоног алхаж, өөртэйгөө ярилцах нь бясалгал болдог, тайвширдаг гэж хүмүүс ярьдаг. Та өөртэйгөө хэр сайн ярилцав?
-Ярилцлаа, ярилцлаа. Бүхэл бүтэн 165 хоног алхаад явахад ёстой юм, юмны талаар бодож, эргэцүүлдэг юм байна. “Би ер нь хэн бэ” гэж өөрөөсөө асуулаа. Хариултыг нь ч оллоо. Зөвхөн өөрийнхөө бус өрөөл бусдын талаар ч эргэцүүллээ. Манай залуучуудын тархи минийхээс 10-20 дахин хөгжсөн. Өдөрт олон цагийн турш шээх завгүй ажиллаж байна. Залуу хүмүүс хөдөлмөрлөж, амьдралын төлөө зүтгэх мэдээж чухал. Гэхдээ мөнгө тийм ч чухал биш. Хамгийн гол нь амьдралын үнэ цэн. Эрүүл байх хамгийн чухал.Өөрөө өөрийгөө хайрлаарай, эрүүл байлгаарай гэж залуустаа захья.
Анзаараад байхад, өнөөгийн залуус монгол ёс уламжлалаа мэдэхээ больж байна. Үүнийг энэ удаагийн аяллаар бүр ч их анзаарлаа. Үнэндээ энэ залуучуудын буруу биш. Монгол уламжлал, ёс заншлаа мэддэг хүмүүс нь хойч үедээ сайтар зааж, сургаж, өвлүүлэх чухал байгаа юм. Тийм мэдлэгтэй хүн ховордсоор байгаа нь харамсалтай.
-Энийг л засах сан, үүн дээр төр засаг, олон түмэн анхаараасай гээд анзаарсан өөр зүйл танд бий юү?
-Цөлжилт. Үнэхээр аймар байна. Монгол орон цөлжиж байгаа нь эмзэглэхгүй байхын аргагүй асуудал шүү. Монгол оронд 3200 гаруй эмийн ургамал бий гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Би сая аялахдаа эмийн ургамлуудыг судаллаа. Ер нь аймар талхлагдсан байна. Нэг зам барих гэж хэчнээн юм болдог билээ. Хүмүүс хажуугаар нь 10, 20 зам гаргаад, улаанаар эргүүлчихдэг. Тэр бүхэнд байгаль дэлхий сүйдэж, зүлэг ногоо талхлагдаж байна. Үүнээс болж хэчнээн чухал эмийн ургамал талхлагдан, устаж байгааг хэн ч мэдэхгүй. Аюулт өвчнийг эмчлэх эмийн ургамал ч тэр дотор байгаа юм бил үү.
БИ ААВ, ЭЭЖЭЭС УЛАМЖИЛСАН ОЙР ЗУУРЫН Л МЭДЛЭГТЭЙ ХҮН
-Эмийн ургамал, ардын ухааны талаар та их өргөн мэдлэгтэй хүн юм. Ер нь ямар мэргэжилтэй билээ?
-Өө, би ерөөсөө аав, ээжээс уламжилсан ойр зуурын л мэдлэгтэй хүн. Өвөг дээдсийн сургаал алт шүү дээ. Авах гээхийн ухааныг л сайн сурах хэрэгтэй. Авах, гээхийн ухаан гэдэг чинь аймар том онол байхгүй юу. Тэнгэр сэтгэхүй гэдэг чинь үнэхээр агуу зүйл байхгүй юу.
-Эх орноо тойрон аялж, зорилгодоо хүрлээ. Таны дараагийн зорилго вэ?
-Би өөрийгөө хөгширсөн гэж огт боддоггүй. Хүн хөгширч бус хөшиж үхдэг гэдэг яг үнэн. Хөдлөөд л байвал хүн эрүүл байна. Тиймээс аль болох аялж, алхахыг эрхэмлэнэ. Мэдээж ингэе, тэгье гэж бодсон зорилго байлгүй яах вэ. Гэхдээ одоо ярихад арай эрт байна. Хүн ер нь эхлүүлээгүй байж элдэв юм ярих дэмий. Онгирсон, өөрийгөө магтсан болно. Ер нь даруу явсны буруу гэж ер байхгүй.