Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 86 дугаар байрны долоон давхарт гурван настай хүүхэд эвдэрхий лифтний хаалга налж зогсоод, доош унаж амиа алдсан. Энэ хэрэг гарснаас хойш зургаан сарын дараа буюу долдугаар сард лифт эвдэрхий хэвээр байгааг бид мэдээлсэн. Тэр үед СӨХ-ны дарга Д.Батжаргал "ирэх наймдугаар сард лифтээ засварлаж ашиглалтад оруулна" гэсэн ч хугацаа нь болчихоод байхад лифт ашиглалтад ороогүй, эвдэрхий хэвээр байна.
Бид энэ асуудлаар 86 дугаар байрны СӨХ-ны дарга Д.Батжаргалаас дахин тодрууллаа.
-Өнгөрсөн сард манай сурвалжлах баг очиход та энэ сард лифтээ засна гэж ам гарсан. Өнөөдөр наймдугаар сарын сүүлийн өдөр. Лифт эвдэрхий хэвээр байгаад тайлбар өгөөч?
-Гүйцэтгэгч компанийн мэдэх асуудал шүү дээ. Би өнөөдөр компаниас нь тодруулсан. НМХГ-аар ашиглалтад оруулж болно гэсэн дүгнэлтээ гаргуулах гээд байгаа юм билээ. Уг нь засварын ажил дуусчихсан байгаа.
Харин яг хүүхэд унасан лифтийг шинээр солиулна. Лифт нь үйлдвэрээсээ гарчихсан. Тээвэрлэлтийн үе шатандаа яваа гэсэн мэдээлэлтэй байна. Цар тахалтай холбоотой хил гааль дээр тээвэрлэлт саатаж байна.
Засварлаж байгаа лифтний сэлбэг тавдугаар сард орж ирсэн. Гүйцэтгэгч компани нь долоо хоногоор хойшлуулсаар байгаад өдийг хүрлээ. Дүүргээс төсвийг нь гаргаж байгаа учраас та бүхэн дүүргээс тодруулбал зүгээр байх.
-СӨХ-ны асуудалд дүүргээс оролцоод байх шаардлагагүйг та мэдэж байгаа шүү дээ. Одоо оршин суугчид СӨХ-ныхоо төлбөрийг төлж байна уу?
-Оршин суугчдын тал хувь нь төлбөрөө төлдөг.
-Өмнө нь Т.Цэцгээ СӨХ-ны дарга байхад иргэд, ажлаа хийдэггүй учраас төлбөрөө төлдөггүй гэж байсан. Та одоо дарга нь шүү дээ. Яагаад төлөхгүй байна вэ?
-Үргэлж шаардлага тавьж мэдээлдэг. Дулааны цаг болохоор гэртээ байхгүй хүмүүс их байна. Мөн ихэнх нь түрээслэгч болохоор ийм асуудал байсаар байгаа. СӨХ-ны асуудлаас болж л хүүхэд эндсэн. Ингээд бодохоор энэ нь нэг талдаа оршин суугчдын буруу. Гэтэл төлбөрөө төлдөггүй айл өрхөд ямар нэгэн хариуцлага тооцох хуулийн заалт байдаггүй. Энэ мэт СӨХ-ны асуудал ганц манайх дээр гардаггүй. Аливаа байрны СӨХ-ны асуудлыг шийдвэрлэдэг тодорхой байгууллага ч гэж үгүй. Энэ мэт асуудлаа боловсронгуй болгох шаардлагатай.
Мөн бид лифт засварын ажлыг гүйцэтгэсэн "Urban Elavator" компанийн мэргэжилтэн н.Алтаншагайтай холбогдож лифт хэзээ ашиглалтад оруулах талаар тодрууллаа.
Ингэхэд "Ирэх даваа гарагт НМХГ-ын байцаагчид үзүүлнэ. Ашиглалтад оруулахаар яарч л байгаа. НМХГ-аас та бүхэн өөрсдөө дүгнэлтээ гаргах боломжтой гэж хэлж байна. Бид харин гэрээнийхээ дагуу ажиллаж, заавал НМХГ-аар дүгнэлт гаргуулна. 7-10 хоногийн дараа лифт ашиглалтад орно гэж бодож байна" гэлээ.