“Ковид-19”-ийн халдвараар өвдсөн хүмүүс цусаа шингэлэх зорилгоор Озон эмчилгээг ихээр сонирхох болсон байна. Энэ төрлийн эмчилгээ хэр үр дүнтэй, бас эрсдэлтэй талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэлээс тодрууллаа.
Иргэд “Ковид-19” өвчний дараа цусаа шингэлэхийн тулд озон эмчилгээг ихээр сонирхох болсон байна. Эмчилгээний энэ төрөл нь олон улсад хориглосон заалттай байсан. Энэ эмчилгээ хийлгэх нь зөв үү, буруу юу?
Эрүүл мэндийн яамнаас озон эмчилгээний тухай ямар нэгэн эмнэл зүйн удирдамж, зааврыг баталж, гаргаагүй. Үүнийг хэрэглэхийг мэргэжлийн байгууллагуудад огт зөвлөөгүй. Энэ нь манай улсын удирдамжид байдаггүй эмчилгээ.
Эмчилгээний энэ төрөл нь улс бүрд өөр өөр. Зарим улс энэ төрлийн эмчилгээг хаасан байхад, зарим нь тодорхой төвшинд зөвшөөрсөн байдаг. Манай улсын хувьд нотлогдоогүй, баримт нотолгоо нь хангалттай биш учраас зөвшөөрөөгүй. Энэ эмчилгээг хийе, ийм үр дүнтэй гэдэг ямар нэгэн албан ёсны зөвшөөрөл, баримт бичиг байхгүй.
Мөн хүчилтөрөгчийн эмчилгээ сүүлийн үед их дэлгэрч, зарим эмнэлэг үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. Энэ эмчилгээг хийлгэх нь ямар эрсдэлтэй вэ? Ямар тохиолдолд зөвлөдөг юм бэ?
Энэ төрлийн эмчилгээний хувьд ч мөн л шинжлэх ухаанаар нотлогдсон эмнэл зүйн удирдамж, заавар байхгүй. Ингэж өөрт шаардлагатай хүчилтөрөгчийг сайжруулж байна гэвэл өрөөсгөл, ташаа ойлголт болно. Шинэ төрлийн өвчлөл нэмэгдэхийн хэрээр шинжлэх ухаанаар батлагдаагүй зүйлийг санал болгож байгаа нь буруу. Үүнээс шалтгаалан иргэд эдийн засаг, эрүүл мэнд болон бусад олон зүйлсээр хохирох асуудлууд байна. Тиймээс иргэд мэргэжлийн эмчээс заавал лавлах шаардлагатай.
Цус өтгөрөлт, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн аргууд нь юу вэ?
Зүрх судасны өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол эрсдэлт хүчин зүйлсийг нэг нэгээр нь байхгүй болгох хэрэгтэй. Тамхи татдаг бол хаях. Таргалалттай бол жингээ бууруулах, хөдөлгөөний идэвхжил багатай бол хөдөлгөөнөө нэмэгдүүлэх чухал. Артерийн даралт ихсэлт, зүрх судасны өвчний эхний шинж тэмдэг байгаа бол эмчийн хяналтад, заасан хугацаанд нь очих хэрэгтэй. Тухайн эмчийн зөвлөсөн цус шингэлэх, цусан дахь өөх тос бууруулах, артерийн даралт бууруулах зэрэг эмчилгээг заасан хугацаанд нь тогтмол хийлгэх ёстой. Ингэснээр зүрх судасны өвчлөлийг даамжруулахаас сэргийлж, үүнээс үүдэлтэй нас баралтыг багасгана.
Озон эмчилгээ хийж байгаа эмнэлгүүдэд ямар нэгэн хяналт, шалгалт байдаг эсэх талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Одоогийн байдлаар ямар нэгэн хяналт, шалгалт байхгүй. Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийн дагуу тодруулахаар ЭМЯ-руу бичиг явуулсан. Бид Ковид-19 халдварын үед эмнэлгүүдийн бэлэн байдал, шаардлагатай орчин бүрдүүлэлт, эрүүл ахуйд хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Одоо энэ төрлийн эмчилгээний тухай судалгаа хийж байна” гэлээ.