Зарим арилжааны банк зээлээ хумьсан нь иргэдэд хүндрэл дагуулж байна. Банкнаас зээл авч хадлангаа хадах, оюутнаа сургуульд нь явуулах гэсэн малчид сандралдаж, банкны үүд сахиж суугаад удаж байна. Монголбанкны Ерөнхийлөгч саяхан мэдэгдэхдээ “бүх зээл хэвийн” хэмээн тайлбарласан ч бодит байдал үүнээс өөр байгаа юм.
Өнөөдрийн байдлаар банкууд зээлийн төрөлдөө хязгаарлалт тогтоогоод байна.
Арилжааны банкууд:
• Орон сууц худалдан авах зээл
• Хашаа байшин, амины сууц худалдаж авах зээл
• Хашаа байшин, амины сууц барих зээл
• Орон сууцны засварын зээл
• Цалингийн зээл
• Өрхийн хэрэглээний зээл
• Тэтгэврийн зээл
• Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл
• Малчны зээл
• Хадгаламж барьцаалсан зээл
• Автомашины зээл
• Цахилгаан барааны зээл
• Сургалтын зээл гэх мэт 10 гаруй төрлийн заал гаргадаг ба эдгээр зээл бүгд гарч байгаа эсэхийг бид арилжааны банк болон Монголбанктай холбогдож тодрууллаа.
ТӨРИЙН БАНК БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛЭЭ ЗОГСООЖЭЭ
Худалдаа хөгжлийн банк дээрх зээлийн төрлөөс цалингийн зээл, тэтгэврийн зээл, машины зээл гаргаж байна. Бусад зээлийг тодорхойгүй шалтгаанаар түр хугацаанд зогсоогоод байгаа аж. Мөн зээлийн үйлчилгээ хэзээ хэвийн байдалдаа шилжих нь ч тодорхойгүй байна гэсэн юм.
Харин Хаан банк хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл, тэтгэврийн зээл гаргаж байна. Есдүгээр сарын 30-ныг дуустал бусад зээл гаргахгүй талаар Хаан банкны мэдээллийн ажилтан нь хэллээ.
Голомт банкны тухайд хэрэглээний бүх төрлийн зээл олгож байгаа гэсэн бол Төрийн банкнаас энэ талаар тодруулахад “бүх төрлийн зээл зогссон байгаа гэв. Төрийн банк нь одоогоор зөвхөн тэтгэврийн зээл олгож байгаа юм байна.. Найман сарыг дуустал бусад зээл олгохгүй. Есдүгээр сараас бусад зээлийг хэзээ олгох эсэхээ шийднэ гэлээ.
Банкуудын эдгээр нөхцөл байдлаас үүдэн хүндрэлтэй байдал үүсээд буйд иргэд бухимдалтай байна.
Энэ талаар иргэд:
- Банкууд их хэмжээгээр зээл олгохоо байсан. Зохих хэмжээний зээл аваад л хүүхдийнхээ төлбөрийг өглөө. Малын тоо харгалзаад малчны зээлээр 10-аас дээш сая төгрөг авдаг байсан юм. Энэ жил тийм биш байна. Хоёр сая төгрөгийн л зээл авлаа. Хүүхдийнхээ төлбөрийг арай гэж л төлж байна. ядаж байхад сургалтын төлбөр нь 30 хувиар нэмэгдсэн байх юм.
- Монгол банкны ерөнхийлөгч зээл хэвийн олгож байгаа гэхээр нь хэд хэдэн банкаар явлаа. Олгохгүй байна. Зээл авч, оюутныхаа төлбөрийг төлмөөр байдаг. Хэцүүхэн байна гэв.
Бид энэ асуудалтай холбогдуулан Монгол банкны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Манай Ерөнхийлөгч мэдээлэл өгсөн. Банкууд зээлээ хэвийн олгож байгаа. Зээл олгохгүй байгаа банкуудын үйл ажиллагааны талаар манайх өмнөөс нь тайлбар хэлэх боломжгүй” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.