Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан хоёр өдөр үргэлжилж, засаг даргын томилгооны асуудал хэлэлцлээ.
Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн. Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авсан тохиолдолд захирамж гарган Засаг даргаар батламжлах юм.