Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-д АН тоглоомын бүлэгтэй байхыг зөвшөөрөхгүй. Бүлгийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Хуулиараа 14 хоногийн дараа хариу өгнө. Хугацаа нь болоогүй байгаа. Шаардлагатай бол 30 хоногоор сунгана.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нийт гишүүдийн олонх гэдэг нь зургаа байгаа юм гэж ярьж байна. Тиймээс олонх хуралдаад бүлгийн даргын асуудлыг шийдлээ гэж байгаа. Гурав, дөрөвхөн хүнээр бүлгийн асуудлаа шийдэх ямар ч боломжгүй.
УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлүүлэх асуудлыг хуулийн дагуу эхлүүлнэ. Нэг намаас сонгогдсон эрхэм гишүүд та бүхэн улс төр хийсэн явуургүй алхмаа больцгоогооч гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн өөртөө давуу байдал олгосон хууль санаачлахыг хуулиар хориглодог. Гэтэл бүлгийн дарга гээд байгаа О.Цогтгэрэл өөрийгөө дарга болгох хууль санаачилсан. 11 гишүүн нэгдээгүй байхад АН-ын бүлгийн даргыг өөрчлөх боломжгүй" гэлээ.