С.Эрдэнийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэд намынхаа зарим гишүүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж, гишүүнчлэлээсээ хассан гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан нь хууль бус гэж үзэж байна. Энэ бол төрийн түрэмгийлэл боллоо гэж харж байна. Үндсэн хуулиа хамгаалах асуудалд АН бүхий л боломжоо дайчилж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Манай намын зарим гишүүн хувийн эрх ашгийн дагуу асуудалд хандлаа. Ингээд намын Үндсэн дүрмийн хороо хэлэлцээд, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен нарыг Ардчилсан намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаагаар хаслаа” гэв.
Мөн зарим гишүүнийг хассантай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийг татан буулгах тухай хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна гэсэн юм. Улмаар, бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Ганбатыг даргаар томилж, УИХ дахь АН-ын зөвлөл байгуулахаар болсон гэж мэдэгдлээ.
"Намын бүлгээс гарсан гишүүд УИХ-д намаа төлөөлөх эрхгүй болсон. Тиймээс Засгийн газарт АН-ынхан орж ажиллана гэх яриа байж болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Ийнхүү хоёр хуваагдсан АН-ынхан ээлжилж, эрх мэдлийн төлөөх мэдэгдэл хийсээр байна.