Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж ажиллах нь тодорхой болсон. Ингэхдээ УИХ дахь сөрөг хүчний бүлгийн гишүүдэд хамтарч ажиллах санал тавьсан гэх мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ын гишүүн Н.Ганибал, С.Одонтуяа, Ц.Туваан, Ш.Адьшаа нарт сайдаар ажиллах санал тавьжээ. УИХ-ын гишүүн Ц.Тувааны тухайд ХХААХҮ-ийн сайд болохоор горилж яваа, энэ салбарыг толгойлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл ч байна.
Сөрөг хүчний бүлгийн гишүүд эв нэгдлийнх гэх тодотголтой Засгийн газарт ажилласнаар гүйцэтгэх засаглалд тавих хяналт алдагдана гэх шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Энэ тухай ч зарим судалгааны байгууллага иргэдийн санаа бодлыг танджээ. МЭК судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 1044 иргэний 40 гаруй хувь нь “буруу, хэрэггүй” хэмээн хариулжээ.
Ардчилсан намынхны дотоод хагарал эрчимжиж, “хоёр толгойтой нам” оршин тогтнохын төлөөх тэмцэл өрнүүлсээр удлаа. Тэгвэл О.Цогтгэрэлийн талын гэгдэх, УИХ-д бүлэгтэй АН-ынханд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал тавьсан нь тодорхой болоод байна. Ерөнхий сайд өнөөдөр үдээс хойш Засгийн газрын шинэ бүтцээ танилцуулна гэх мэдээлэл байна. АН-ын гишүүн дэмжигчид нь ганц нэг сайдын суудлын асуудлыг "МАН-ын өгөөш" хэмээн дургүйцэж, "Намаа битгий шороотой хутгаач" хэмээн дургүйцлээ илэрхийллээ.