Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл АНУ- д “газар аваад” удаж байна. Дэлхийн хамгийн олон үндэстнээс бүрддэг тус улсад цар тахлын үед энэ төрлийн хэрэг зөрчил ихээр ил болсон юм.
Хамгийн сүүлд л гэхэд, АНУ-ын Техас мужийн нэгэн эмэгтэй Энэтхэг эмэгтэйчүүдийг доромжилж байгаа бичлэг ил болсноор түүнийг баривчилжээ. Түүнийг үзэн ядах, доромжлох гэмт хэрэгт буруутган шалгаж байгааг албаныхан мэдээлсэн байна.
Энэхүү бичлэг цахим сүлжээнд тархсан даруйдаа 185 мянган хандалт авсан бөгөөд тэрээр “Та нар эх орон руугаа буц, энд байхыг чинь хүсэхгүй байна. Муусайн Энэтхэгчүүд” хэмээн эмэгтэйчүүд рүү дайрч байжээ. Дараа нь тухайн бичлэгийг хийж байсан эмэгтэйг цохиж, цагдаа дуудах үеэр нь дахиад хоёр эмэгтэйн биенд халдсан байна.
Сэжигтэн өөрийгөө Мексик гаралтай Америк гэж мэдүүлээд байна. Үүнээс харвал, өөрөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртдөг байсан учраас түүнийгээ бусдад гаргахад хүрсэн байж болзошгүй хэмээн хэвлэлүүд бичиж байна.
АНУ-д ялгаварлан гадуурах гэмт хэрэг сүүлийн хоёр жилд огцом өссөн бол энэ оны эхний хагасын байдлаар бага зэрэг буурсныг албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: NBC