АНУ-ын “Cedars-Cinai” эмнэлгийн мэдрэл судлалын тэнхимийн судлаачид “Ковид-19”-ийн дараа цус харвах эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин энэ вирусийн эсрэг вакцин ийм эрсдэл үүсгэхгүй, сөрөг нөлөөгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, “Ковид-19”-ийн вакцин хийлгээгүй байхдаа халдвар авсан хүн вакцин хийлгэсэн хүнээс илүү их эрсдэлтэй гэж доктор Алексис Симпкинс онцолжээ.
Ялангуяа хүнд хэлбэрийн “Ковид-19”-ийн халдвар нь үрэвсэл, цусны бүлэгнэл, зүрхний өвчин үүсгэдэг бөгөөд цаашлаад цус харвах эрсдлийн гол шалтгаан болдог гэж судлаачид үзсэн байна.
Хүний биеийн цус бүлэгнэснээр тархинд очих цусан хангамж тасалдахад хүрдэг байна. Ингэснээр тархины эдүүд үхэж, улмаар тархины шигдээс болдог. Мөн “Ковид”-оос үүдэлтэй үрэвсэл нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ. Энэ нь нэн ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүст ихээр илэрч байгааг анхааруулсан байна. АНУ-д 65-аас дээш насны хүмүүс цус харвалтад өртөх нь элбэг байгааг тус судалгааны багийнхан мэдээлжээ.
Түүнчлэн, Ковид тусаад эдгэсний дараах зургаан сард хүний биеийн цус бүлэгнэх эрсдэл өндөр байгааг Шведийн эрдэмтэд тогтоожээ. Тиймээс Коронавирусээр өвчлөөд эдгэрсний дараа ч дархлаагаа дэмжих, эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ тогтмол хянаж байх шаардлагатайг гадны судлаачид онцолсоор байна.
Эх сурвалж: BBC, News-medical.net