Боловсрол шинжлэх ухааны яамны 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаас илэрсэн алдаа, зөрчлийг хүргэж байна.
ТӨСВИЙН ҮРЭЛГЭН ЗАРДАЛ:
- Батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулж, баяр ёслолын арга хэмжээнд зориулан 2 сая 207 мянган төгрөгөөр баглаа цэцэг авчээ.
- Бэлэн мөнгөний 11 сая 900 мянган төгрөгийн тайлан гаргаагүй, анхан шатны баримтын гарын үсгийн бүрдэл дутуу байсан алдаа илэрсэн байна.
- "Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхэд болон цэцэрлэгийн багшид зориулсан хоол, шим тэжээлийн мэдлэг олгох" гарын авлага боловсруулах 18 сая 225 мянган төгрөгийн гэрээ байгуулсан огноо, ажил гүйцэтгэсэн болон тайлагнасан мөн дүгнэсэн цаг хугацаа зөрүүтэй гэх зөрчил илэрсэн.
- Батлагдсан нормоос илүү шатахуун зарцуулдаг том автомашиныг албан хэрэгцээнд ашиглаж, 1 сая 300 мянган төгрөгийн шатахуун илүү зарцуулсан.
- Томилолтоор ажиллах удирдамж, томилолтын хуудас, гүйцэтгэсэн ажлын тайлан зэрэг дэмжих баримтгүйгээр 6 сая 809 мянган төгрөгийн томилолтын зардлыг олгожээ.
- Боловсрол шинжлэх ухааны салбарын хууль тогтоомж, баримт, бичигт зөвлөн туслах гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын тайлан, гэрээ дүгнэсэн актгүйгээр 5 сая 400 мянган төгрөгийг олгосон зөрчил илэрч байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЛДАА, ЗӨРЧИЛ:
- Авлагын дансанд бүртгэлтэй 28 сая 500 мянган төгрөгийг шууд зардалд хааж, дансны бичилт буруу хийсэн байна.
- Урьдчилгаа дансанд бүртгэлтэй 24 сая 450 мянган төгрөгийг шууд зардалд хааж дансны бичилт буруу хийсэн.
- Харилцах данснаас 606 сая 832 мянган төгрөгийн ажил гүйлгээг тооцоо үүсгээгүй шууд зардлын данс руу хааж бичсэн.
- Хагас жилийн санхүүгийн тайланд НДШ-н 18 сая 300 мянган төгрөгийн өр төлбөрийг тусгаагүй.
70 САЯ ТӨГРӨГИЙН БАРАА МАТЕРИАЛЫГ ДАНС БҮРТГЭЛД БҮРТГЭЭГҮЙ
- Төсвийн хөрөнгөөр худалдан авсан 24 нэр төрлийн 70 сая 299 мянган төгрөгийн бараа материалыг данс бүртгэлд бүртгээгүй.
- "Судар бичгийн хүрээлэн 100" буюу Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн цогц арга хэмжээнд тусгагдсан "Шинжлэх ухаан технологийн салбарын эрх зүйн эмхэтгэл" гэсэн 20 сая төгрөгийн 1000 номыг бүртгээгүй.
- Бараа материалын дансанд 12 сая 300 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийн шинж чанартай хөрөнгийг бүртгэсэн.
- Жолоочийн зам явах тооцооны хуудасгүй, 12 сая 897 мянган төгрөгийн шатахуун зарцуулалтын тооцоо бодоогүй, тайлан гаргаагүй.
- Бараа материалын тайланг нэр, төрөл тус бүрээр нь гаргаагүй. 41 сая 355 мянган төгрөгийн бараа материалыг хольж бүртгэсэн.
- Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн 1 тэрбум 12 сая 214 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэр гаргуулаагүй.
- Үндсэн хөрөнгөнд 1 сая 20 мянган төгрөгийн бараа материалын шинж чанартай хөрөнгийг бүртгэсэн.
- Төсвийн хөрөнгөөр худалдан авсан 4 нэр төрлийн 20 сая 959 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг данс бүртгэлд бүртгээгүй.
- Шинжлэх ухаан, технологийн салбар, инновацын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж гэж үзэж худалдан авсан 125 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий 19 ширхэг I Pad-ийг үндсэн хөрөнгөнд бүртгээгүй.
Ийнхүү Боловсрол шинжлэх ухааны яамны 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайлангаас хоёр тэрбум төгрөгийн 19 зөрчил илэрчээ.
Түүнчлэн шилэн дансны мэдээлснээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нь 2022 оны дөрөвдүгээр сард нэг удаагийн уулзалтад 5-7 сая төгрөг зарцуулсан байна.
Үндэсний аудитын газрын дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор танилцана уу.
https://audit.mn/?p=17103&fbclid=IwAR0q3GRV9HpzduLpOCC4AWFVEl_JgHqp8tAME3MUN55zSyDBcsiuWRCvq2Y