Муслим эмэгтэйг бүлэглэн хүчирхийлсний улмаас бүх насаараа хоригдох ял сонсоод байсан 11 эрэгтэйг Энэтхэгийн Засгийн газраас суллах шийдвэр гаргасан нь олон хүнийг хамарсан жагсаалд хүргэлээ.
Гэмт хэрэгтнүүд насаараа хоригдох ял сонссон ч ийнхүү 15 жилийн дараа суллагдсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Улмаар жагсагчид засгийн газраа шийдвэрээ эргэн харахыг шаардаж байгаа талаар CNN агентлагт мэдээллээ.
Эдгээр жагсагчид дунд Энэтхэгийн олны танил хүмүүс ч мөн олон байгаа ба тус улсад “эцгийн эрхт ёс давамгайлсаар байгаа нь хүчингийн хэргийг хэвийн мэт хүлээж авахад хүргэж байна” гэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин иргэний нийгмийн төлөөллүүд Энэтхэгийн засгийн газар иймэрхүү шийдвэрийг амархан гаргаж байгаа нь олон сая эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд хор хохирол авчрах алхам хийлээ гэж үзэж байна.
Энэ үйл явдалтай зэрэгцэн гэмт хэрэгтнүүд Годхра шоронгийн гадаа зогсож байгаа бичлэг цахим ертөнцөд тархсан нь нөхцөл байдлыг улам дордуулав. Тус бичлэг дээр ойр дотынхон нь тэдэнд амттан өгч, хүндэтгэл үзүүлэхийн тулд хөлд нь хүрч байгаа нь бичигджээ.
Хохирогч болох Билкис Бано тухайн үед 21 настай, 5 сартай жирэмсэн байсан байна. Тэрбээр хүчирхийлэгчид суллагдаж байгаа талаар “шударга ёсонд итгэх итгэл минь алдарч байна” гэж хэлсэн байна. Энэтхэгт хүчингийн гэмт хэрэг цар тахлын үед ихэссэн төдийгүй 2021 онд 2018 оноос 33 хувиар өссөн талаар эрх баригчид мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС