Цаг уурын байгууллагаас 2022 оны есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.
Есдүгээр сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, Дорнод Монголын тал нутгаар ахиу хур тунадас орох төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Иймд дээр дурдсан үеүдэд цаг агаарын болзошгүй үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Ирэх сарын цаг агаарын төлөв
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
Сарын эхний арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсэж болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрнэ.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын зүүн өмнөд, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн дунд, сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсэж, зарим газраар 13–15 м/с, зарим үед түр зуур 15–17 м/с хүрнэ.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас бага, Дорноговийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хоёрдүгээр арав хоногийн эхэн, дунд, болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С-аар сэрүүснэ.
Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсэж 14–16 м/с хүрэх буюу зарим үед 16–18 м/с хүрч ширүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ