БНСУ-ын Хөдөлмөрийн яам дуучин “PSY”-ийн компанийг Монгол залуу амиа алдсан хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-нд манай улсын иргэн, 20 орчим насны залуу “PSY”-ийн тоглолтын арын албанд ажиллаж байхдаа өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Тэгвэл БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас хамгийн алдарт дуучин PSY-ийн компанид нэгжлэг хийж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Уг хэрэг Солонгосын Канвон мужид гарсан бөгөөд хохирогч бороо орж байх үед, хамгаалалтын зориулалтын хувцасгүй ажиллаж байжээ. БНСУ-д цаг агаар муу буюу бороо, цастай үед тайзны гадаах ажлыг зайлшгүй зогсоох шаардлага тавьдаг юм байна. Тиймээс БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас PSY-ын “P Nation” компанийг Аж үйлдвэрийн аюулгүй байдлын хууль зөрчсөн хэргээр ийнхүү шалгаж байна.
Дуучин PSY нь компанийхаа 60 хувийг эзэмшдэг ч одоогоор Ким овогтой өөр хүн компаний захирлаар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: EN.YNA.CO.KR