2022 он гарснаас хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын нэг сургууль, бага сургууль цэцэрлэгийн нэг цогцолбор, есөн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Гэсэн хэдий ч суралцагчдын тоог хангаж гүйцэхгүй хэвээр байна.
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 156 сургуульд 364091 хүүхэд суралцана. Энэ нь өмнөх хичээлийн жилээс хүүхдийн тоо 24022-оор нэмэгдсэн гэсэн үг. Ерөнхий боловсролын 41 сургуулийн ачаалал хүчин чадлаасаа хэтэрч гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн байна. Тиймээс 20 сургуульд дотоод засвар тохижилт хийж, хоёр ээлжээр хичээллүүлэхээр болжээ. Харин 14 сургуулийн 6930 хүүхдийг суралцуулахаар түрээсийн байр судалж, нэг сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар эрчимжүүлж байгаа юм.
СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ ТОО ЭНЭ ОНД 25-ААР НЭМЭГДЖЭЭ
Түүнчлэн ЕБС-ийн сургалтын орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 102 сургуульд хүүхдийн 261 автобусаар 8740 сурагчийг гэрээс сургууль, сургуулиас гэр хооронд зөөвөрлөнө гэсэн судалгаа гарчээ. Энэ жил “Сургуулийн автобус” төслийн хүрээнд 25 автобус шинээр оруулж ирсэн бөгөөд цаашид 50 автобус нэмж авчрах юм. Одоогийн байдлаар 101 автобусыг техникийн үзлэгт хамруулж буй юм байна. Үлдсэн автобуснуудыг энэ сардаа багтаан үзлэгт оруулж дуусгах аж. 102 сургуулийн сурагчдад үйлчилж буй 261 автобус дээр “Сургуулийн автобус” төслийн 25 автобусыг нэмж тооцвол ирэх хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 286 автобус сурагчдад тусгайлан үйлчлэх юм.
АВТО ЗАМЫН АЧААЛАЛ БҮХИЙ БҮСИЙН СУРГУУЛИУДЫН ЯЛГАМЖТАЙ ЦАГИЙН ХУВААРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛ ГАРГАВ
Нийслэл хотын төв хэсэг Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий газруудад байршдаг сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг 2022 оны эхэнд гаргаж, 2021-2022 оны хичээлийн жилд дагаж мөрдсөн. Энэхүү шийдвэр шинэ хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчлэх магадлалтай байна. Авто замын ачаалал ихтэй бүсэд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 сургуульд нийтдээ 85 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар нь бүсчлэн ялгамжтай цагийн хуваарьт шилжүүлсэн.
Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар хагаст хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаар замын хөдөлгөөний ачаалал 07:00-09:00 цагийн хооронд 28.4 хувиар буурсан дүн гарчээ. Түүнчлэн сургуулийн багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүдээс судалгаа авахад 59 сургуулийн 47 нь цагийн хуваарийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд ямар нэгэн хүндрэлгүй байсан гэсэн хариу өгчээ. Үлдсэн 12 сургуулийн сурагчдын эцэг эх, багш нарын хувьд хичээллэх цагаа өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү судалгааны дүнд үндэслэн Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий байршилд буй сургуулиудыг ялгамжтай цагийн хуваарийг мөрдүүлэх саналыг Нийслэлийн Боловсролын газраас боловсруулан НЗДТГ-т хүргээд байгаа аж.