Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, түүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргасан нь МАН нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэсэн явдал болов. Засаг даргыг томилохдоо аймгийн ИТХ-аар нэр дэвшүүлж, хэлэлцэх учиртай байтал “МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, шийдвэрээ гаргалаа, бид” хэмээн сүржигнэсэн нь өөрөө зөрчил болж хувирлаа. Ингэж байгаа юм бол нэртэйгээр нь "Ховд аймгийн ИТХ-ыг татан буулга" гэх шүүмжлэл ч хүчтэй өрнөлөө. “Э.Болормааг Ховд аймгийн засаг даргад ИТХ дэмжихгүй бол аймгийн чинь төсвийг “царцаана” хэмээн анхааруулаад буй нь ч “МАН бүгдийн дарга уу?”, хуулийн процесс хамаагүй юу гэх асуудлыг дагуулаад байна.
Өчигдөр орой 19 цагийн орчимд Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлэхдээ “ МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэв.Түүнийг Ховдын ИТХ дэмжвэл аймгийн АНХНЫ эмэгтэй Засаг дарга болно. Тэрбээр Дэлхийн Банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн Дэд бүтцийн Банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Э.Болормаа эдийн засагч мэргэжилтэй бөгөөд АНУ-ын Орегоны Их сургуульд-Эдийн засаг, олон улсын харилцаа, Колумбын Их сургуульд-Төрийн удирдлага, хөгжлийн бодлогоор (Магистр)-ын зэрэг тус тус хамгаалсан. Шинэ засаг дарга Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн УЦС-аас гадна хөндлөн хурдны зам зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй юм” хэмээн мэдээлсэн нь өөрөө хуулийн процессын хувьд зөрчилтэй, ИТХ биш, нам аймгийн засаг даргыг шууд тохоон томилж буй мэт үйлдэл боллоо. Үүнийг ч мэргэжлийн хүмүүс анхааруулж “Нутгийн өөрөө удирдах ёсыг МАН булшиллаа. Энэ хүнийг засаг дарга болго гэж Ерөнхий сайд шууд тулган шаардаж, төсвөөр нь шахаж хавчихаа илэрхийллээ” хэмээн байр сууриа хуваалцаж байна.
Энэ талаар хуульч Л.Мөнхсайханаас тодруулахад “Алтан улиасыг чинь хуга мөргөнө шүү гэдгийн үлгэр болж байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага нь шийдвэрээ гаргахаас өмнө, энд нэр дэвшүүлсэн хүнээ шууд томилсон мэт ярьж, мэдэгдэж байгаа нь процессын алдаа.
ИТХ шийдвэрээ гаргаж, үүний дараа Ерөнхий сайд батламжлах процесс өрнөх ёстой шүү дээ. Дэмжих, дэмжигүй нь ИТХ-ын бүрэн эрхийн асуудал” хэмээн тайлбарласан юм. Түүнтэй ижил байр суурийг улстөр судлаачид цахим орчинд илэрхийлсээр байна.
Ийнхүү МАН бүгдийн дарга болохоор улайрч, хүч түрэн асуудал шийдэх гэдэг “зөрүүд зангаа” гаргасаар байна. Ховд аймгийн ИТХ өнөөдөр ямар шийдвэр гаргах нь улстөрийн халуун сэдэв байх нь.