Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол гардууллаа.
Э.Амартүвшин “Өнөөдөр миний амьдралд хэзээ ч мартагдахааргүй гайхамшигтай сайхан өдөр болж байна. Өндөр дээд төр маань Монгол улсын Ардын жүжигчин хэмээх нэр хүндтэй шагнал надад олголоо.
Багахан хөдөлмөрлөж, олон улсад эх орныхоо нэрийг гаргасныг маань өндрөөр үнэлж, энэхүү шагналыг олголоо гэж бодож байна. Монголынхоо нийт ард түмэн, төрүүлж өсгөсөн аав, ээж, гэр бүл, найз нөхөд, намайг таньдаг бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Би бусдын адил хөдөө өвөө эмээгийндээ очиж, хонь, мал хариулж, морь унадаг хүүхэд байсан. Бага наснаасаа дуу хууранд дуртай хүүхэд байсан. Түүнийгээ дагаад, арван жилээсээ дуулж, эргэлт буцалтгүйгээр дуучин болохоор шийдэж, СУИС-д орж байсан.
Их сургуульдаа дуурь гэж ямар гоё зүйл байдгийг, олон улсын сонгодог урлаг гэж юу байдаг тухай ойлгож, амт шимтэнд нь ороод, одоо хүртэл үүнийхээ төлөө явж байна.
Энэ сайхан нэр хүндтэй шагналыг дааж, олон улсад Монгол улсынхаа нэрийг улам өндөрт өргөж явахын төлөө хичээнэ.
Миний хувьд уралдаан, тэмцээний нас дууссан. Одоо дэлхийн том театруудад мэргэжлээрээ дуулж байна. Дэлхийн чансаатай бүх л том театрт дуулсан. Маш завгүй хоёроос гурван жилээр төлөвлөгөө гарсан, дуурийн дуучнаар ажиллаж байна” хэмээн өөрийн сэтгэгдлийг хуваалцлаа.