Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдсан дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон үндэсний шигшээ багийн тамирчдад Биеийн тамир, спортын хорооноос хүндэтгэл үзүүлж, шагнал гардууллаа.
Энэ үеэр албаныхан “Бид анх удаа шатрын төрлөөр дэлхийн олимпид оролцож, Монгол тамирчин алтан медаль хүртлээ. Энэ амжилтыг манай төр засаг болон Монголын нийт ард түмэн маш сайхнаар хүлээж авч байна. Зарим нь шатрын спортоор дэлхийн олимпын аварга боллоо гэж ярьж байна. Гэхдээ шатрын дэлхийн аварга болно гэдэг нь арай өөр асуудал байдаг.
Тамирчны хувьд өөрийн зэрэглэлд тоглож байгаа тамирчидтай сайн тоглож, өндөр амжилт үзүүлж байгаа нь сайшаалтай. Цар тахлын хоёр жилийн хугацаанд манай тамирчид өөрийгөө маш сайн бэлдсэн байна. Онлайн тэмцээнүүдэд олон удаа оролцсон байна. Дээрээс нь гадаадад гарч, жинхэнэ шатар тоглох хүсэл, эрмэлзэл маш их байсан байна. Дэлхийн том наадамд очиж, шатрын спортоор маш өндөр амжилт үзүүллээ” гэв.
“Манай спорт бол ганцаарчилсан спорт. Багийн төрөлд явахад эв нэгдэл маш чухал гэдгийг бид олж харлаа. “Олимп”-д явахын өмнөх бэлтгэл бидэнд бие биеэ ойлгох тухай маш сайн сургасан. Тиймээс тэнд очоод хурлаа ч маш цэгцтэй, цаг алдахгүй хийж, бүгд нэг сэтгэлтэй байж, нэг зүг рүү харж, шийдэлд хүрч ажилласан. Цаашдаа маш их нөөц бололцоо байгааг бид олж харлаа” гэсэн юм.
Их мастер цолны болзол хангасан Т.Мөнхзулд Засгийн газрын 173 тогтоолын дагуу 30 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох батламжийг энэ үеэр гардуулсан юм.