
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида үйл ажиллагаагаа зогсоосон цахилгаан станцуудаа нээхээр болсноо мэдэгдлээ. Дэлхийн дахинд шатахууны үнэ өсөхийн хэрээр тус улс атомын эрчим хүч рүү буцах бодлого баримталж эхэлж буйгаа илэрхийлсэн байна.
Тодруулбал, оны эцэс гэхэд шинэ бодлогын дагуу тодорхой арга хэмжээ авахыг албаныханд даалгаснаа сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ өөрчлөлт нь Японы хувьд маш зоригтой, чухал алхам болж байгаа талаар хэвлэлүүд онцолж байна. Учир нь, Японд 2011 онд хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсмэн. Улмаар, Фукушима Дайчи цахилгаан станц руу ус орсноос болж, Чернобылоос хойшхи дэлхийн хамгийн том цөмийн гамшиг болсон юм.
Үүнээс хойш олон нийт цөмийн эрчим хүчний талаар итгэлгүй болж, Засгийн газраас нь орон даяар станцуудынхаа аюулгүй байдлын шинэчлэл хийсэн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Япон улс эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд илүү их хэмжээний байгалийн хий, нүүрс импортолж байна. Харин Фүмио Кишида энэ хараат байдлаа багасгахыг ийнхүү зорьж байна.
Өнгөрсөн жил болсон "COP26 дээд хэмжээний уулзалтын үеэр Япон улс 2050 онд нүүрстөрөгчийн хийг саармагжуулах төлөвлөгөөгөө мөн танилцуулж байсан юм.
Ийнхүү цахилгаанаа хэмнэхийн тулд ард иргэдээ ч мөн хэмнэлттэй байхыг Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас уриалаад байна.
Эх сурвалж: CNN