Украины тусгаар тогтнолын өдрөөр ОХУ-аас агаарын цохилт өгч, 22 энгийн иргэн амь үрэгдсэн талаар Киевийн засаг захиргаанаас мэдэгдлээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ талаар хэлжээ.
Тодруулбал, энэ халдлага Чаплин хотын галт тэрэгний буудлын ойролцоо болсон байна. Олон хүн шархдсан бөгөөд аврагчид ажиллаж байгаа ч амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа талаар хэвлэлүүд дамжуулж байна. Чаплин хот руу хоёр ч удаа дараалан дайрсан бөгөөд эхний цохилтод бага насны хүүхэд өртсөнийг албаныхан хэллээ.
ОХУ-аас одоогоор мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд энгийн иргэдийг онилоогүй гэдгээ мэдэгдсэн. Харин энэ талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Энгийн, гэмгүй иргэдээр дүүрэн байсан галт тэрэгний зогсоол руу тэд дайрлаа. Бид дэлхий нийтээрээ Украины талд байсаар байх болно, ОХУ хариуцлага хүлээх хэрэгтэй” гэж буруутгалаа.
Харин тусгаар тогтнолын өдрөөрөө сэрэмжтэй байхыг нийслэл Киевийн иргэдэд анхааруулсан бөгөөд хотын иргэд түгшүүрийн дохиогоор өглөөг эхлүүлсэн ч одоогоор ямар нэг дайралт болоогүй байна. Тухайн өдөр ОХУ-аас онилсон бөмбөгдөлт зүүн, баруун болон төв хэсэгт бүртгэгдсэн ч галт тэрэгний буудал дээрх халдлага хамгийн олон хүний аминд хүрсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA