Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү үйлдвэрийг 2018 онд Монгол улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын сангийн корпораци хоорондын байгуулсан гэрээний дагуу, 350 сая долларын буцалтгүй тусламжаар барих юм.
Шав тавих ёслол ёслолд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй УИХ-ийн гишүүд, Засгийн газрын гишүүд гадаадын элч төлөөлөгч нар оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Улаанбаатар хотын анхны томоохон ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын гэрч болж байгаадаа баяртай байна. Энэ үйлдвэр бол манай хоёр орны хамтын ажиллагаа, стратеги түншлэлээ бататгах түүхэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг.
Улаанбаатар хотын нийт усны хэрэглээний тавны нэгийг эрчим хүчний салбар дангаар хэрэглэж байна. Тиймээс төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг ус дахин боловсруулах үйлдвэрт боловсруулана. Усыг нь дулааны цахилгаан станцуудад техникийн зориулалтаар дахин ашиглах болно. Ингэснээр өдөрт 50 мянга, жилд 118 сая шоо метр гүний усыг хамгаална гэсэн үг. Энэ нь Улаанбаатарт амьдарч байгаа айл өрхийн 50 хувийн хэрэглээний усыг хэмнэж байна гэж хэлж болно.
Бид байгальд ээлтэй, хариуцлагатай амьдрах нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад суралцах шаардлагатай байна. Тиймээс энэхүү үйлдвэр бидэнд өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Өмнө нь ДЦС-ууд болох III, IV хотын нийт хэрэглээний 24 хувьтай тэнцэх гүний цэвэр усыг ашигладаг байсан бол шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 2030 он гэхэд жилд 18 сая шоо метр усыг нийслэлийн иргэд, ахуйн хэрэглээнд ашиглах боломж бүрдэнэ” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.