НӨАТ-ын сугалааг сэргээх гэж байгаа болон хийгдэж буй шинэчлэлийн талаар Сангийн яам өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Энэ талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн "Монгол Улсад НӨАТ анх 1998 онд 15 хувьтай байсан. Энэ дүнгээрээ 2005 он хүртэл үргэлжлээд 2006 оноос дөрвөн 10-ын зарчим буюу 10 хувийн НӨАТ-тай болсон. 2016 онд татварын системийг шинэчлэхдээ И-баримтыг хэрэгжүүлсэн.
САРД НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ БҮРТГЭГДЭЖ БАЙДАГ
Төлбөрийн баримт дотроо хоёр өөр байгаа. Сард 1 сая орчим и-баримт системд уншуулдаг. Үүний 10% нь НӨАТ-гүй буюу татварын буцаан олголтгүй, эмнэлэг, боловсролын байгууллага зэрэг багтдаг. Сард 1 сая баримтаар 1 их наяд төгрөг бүртгэгдэж байдаг. Давхардсан тоогоор 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээ и-баримт системд бүртгэгддэг. Тус системийг 2.1 сая иргэн болон бүх компани ашигладаг.
СУГАЛААНЫ ТОХИРЛООР 1,6 САЯ ХҮН 81 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОНЖВОР АВЧ БАЙСАН
Сугалаа нь татварын буцаан олголтгүй буюу нийт бүртгэгдэж байгаа татварын 10%-ийг бүртгүүлэх хөшүүрэг орон зай болж ирсэн. Сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байсан. Системийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй гэдгийг Б.Тэлмүүн онцоллоо.
Дөрвөн аргаар сугалааны зарчимд шинэчлэл хийж байна. Үүнд:
- Өмнө нь бүртгүүлсэн баримтын 40 орчим хувь орхигддог, хаягддаг байсан бол одоо тухайн сард баталгаажуулсан бүх баримт сугалаанд орох буюу хонжворын магадлал өснө. Сугалааны санд их баримт уншуулсан хүний хонжвор өндөр байх юм.
- Орон нутагт баримт өгөхгүй тухай шүүмжлэл ирдэг бөгөөд и-баримт олголт бага байдаг. Орон нутаг баримтаа сайн уншуулдаг, иргэд нь нэхдэг байх хувилбар боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд орон нутагт Орхон, Дархан, Дорнод аймгийн баримт бүртгүүлэлт хамгийн өндөр байсан. Энэ дагуу нэмэлт урамшууллын хөшүүрэгтэй болгох хувилбар ярьж байна.
- Сугалааг олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг болох гэж байна.
- Хонжворын тохирол явагдаж байгааг өмнө нь явуулахад үзэлт бага байсан бол 2.1 сая хэрэглэгч гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, шууд хянаад явах боломжтой болж байна.