НҮБ-ын Нийгэмлэгээс дэлхийн 70 гаруй оронд хэрэгжүүлдэг “UN YOUTH DELEGATE буюу НҮБ-ийн Залуу Төлөөлөгч хөтөлбөр манай улсад анх удаа хэрэгжиж байна. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас тус хөтөлбөрт шалгарсан 30 оролцогч хоёро сарын турш байгаль орчны тухай мэдлэгээ тэлж, төсөл санаачлан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн шилдэг хоёр оролцогч Египет болон Канад Улсад зохион байгуулагдах НҮБ-ын хуралд оролцож, илтгэл тавих эрхийн эзэд болох юм. Тэд эх орондоо ирснийхээ дараа олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлэхэд дуу хоолойгоо хүргэж ажиллана.
БОАЖЯ-ны газрын дарга Б.Оюунсанаа:
Хараад суух, шүүмжлэх биш, өөрсдөө бодитойгоор оролцоод, харуулж байгаад үнэхээр бахархууштай байна. Залуус хөтөлбөрт оролцсоноор олон улсад залуус байгаль орчноо хамгаалахад хэр оролцоотой байдаг, юу хийдэг, төсөл хэрэгжүүлдэг вэ гэдгийг харж, суралцана.
Монгол улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра:
Монгол орон бол уур амьсгалын хувьд эмзэг, цөлөрхөг бүс нутагтай. Тиймээс цөлжилтийн асуудал хүнд байна. Тэр хэрээр ус нөөц ч дундарч байна. Нийт нутгийн 70 орчим хувьд нь цөлжилтөд өртсөн гэдэг бол анхаарах ёстой чухал асуудал юм. НҮБ-ийн “Залуу төлөөлөгч” хөтөлбөр хэрэгжсэнээр залуус байгаль орчноо хамгаалахад үнэ хувь нэмрээ оруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал түлхэц болно гэж харж байна.
Э.Хишигжаргал Монгол улс дахь НҮБ-ын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга
Сонгон шалгаруулалтын явцад залуус өөрсдийн санаа зовнидог асуудлуудын тухай бидэнд эсээ бичиж ирүүлсэн. “Номер 1” асуудал нь хог хаягдал байдаг юм билээ. Залуус хөтөлбөрийн туршид хог хаягдал, усны бохирдол, хомсдол, хөрсний бохирдол зэрэг асуудлуудыг авч үзэх байх гэж бодож байна. Сэдвүүдээ өөрсдөө сонгох ёстой. Гол нь, технологи дээр суурилсан, илүү шинэлэг шийдлүүд гарч ирэх байх гэж бид найдаж байна.
Хөтөлбөрт оролцогч залуус “НҮБ-ын залуу төлөөлөгч” хөтөлбөрийг улс орны бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргэх, байгаль орчны чиглэлээр хувь нэмрээ оруулах боломж гэж харж буй талаараа ярьж байлаа.
Ийнхүү Монгол залуус байгаль орчны тулгамдаж асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэж байна. Хөтөлбөрийг Инвескор санхүүгийн байгууллага болон Байгаль Орчны Сэтгүүлчдийн Сүлжээ дэмжин оролцож байна.