Засгийн газрын хөгжлийн төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээлэлд өгөх хүний эрхийн форумаас гаргаж байгаа байр суурийг ажлын хэсгийн гишүүн С.Ариунаа танилцууллаа.
Тэрбээр "Монгол улсын Засгийн газраас стратегийн бүтээн байгуулалтыг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан, тооцоо судалгаагүйгээр ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэх зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлнэ хэмээн мэдээлэл хийсэн. Энэхүү мэдээлэл нь Монгол улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн үйл ажиллагаанд оролцох, мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг зөрчиж, иргэний дуу хоолойг төрийн зүгээс боомолсон, ардчиллын амин сүнс болох нээлттэй, ил тод байдлыг үгүйсгэж байна. Энэ нь Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарсан үйлдэл юм.
Монгол улсын Засгийн газар хүний эрхийг хангах, хамгаалах, хөхүүлэн дэмжих төрийн өөрийн үүрэг хариуцлагаас ухарсан энэхүү үйлдлээ эргэн харж, засаж, залруулна хэмээн найдан хүлээсэн ч хүний эрхийг эрхэмлэн дээдлэхээр удаа дараа амлалт авсан эрх баригчдын зүгээс үүнийг залруулах алхам хийгээгүйд харамсаж байна.
Монгол улсын иргэн аливаа төсөл, хөтөлбөрийн байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүний талаарх мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд энэ тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэх үүргийг төр хүлээдэг. Иймд “Малаа хаана бэлчээх вэ, хэрхэн аюулгүй зам тээврээр зорчих вэ, Монгол улсын хөгжлийг юугаар хэмжиж, ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ гэж асуусны төлөө “хорлон сүйтгэгч” хэмээн цоллуулж, ял хүлээхээр болж байгаа нь ардчилсан, хүмүүнлэг иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэхээр зорилго болгосон Үндсэн хуулийн зарчмаас гажуудаж байна.
Монголын хүний эрхийн төрийн бус форумаас Засгийн газарт таван албан шаардлага хүргүүллээ. Үүнд:
- Иргэний нийгэм нь аливаа төсөл хөтөлбөрийн талаар санал бодлоо хэлж, Үндсэн хуульд заасан шууд оролцооны эрхээ эдлэх нь ирээдүйд үүсэж болох сөрөг үр дагавраас сэргийлэх чухал гарц бөгөөд үүний тулд тооцоо, судалгаа хийх нь иргэний үүрэг биш юм. Энэ нь төрийн үүрэг гэдгээ хүлээн зөвшөөрч, ийнхүү үзэл бодоо илэрхийлсний төлөө мөрдөж, эрүүгийн хэрэгт татаж байгаа үйлдлээ нэн даруй таслан зогсоох
- Төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн нийгэм болон хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачлал журмыг яаралтай баталж, хөгжлийн том төсөл хөтөлбөрийн ТЭЗУ, байгаль орчин, нийгэмд хийх үнэлгээ судалгаа, тооцоог олон нийтэд нээлттэй байлгах үүргээ биелүүлэх
- Аливаа хөгжлийн төсөл хөтөлбөртэй холбоотой шийдвэр гаргахдаа тухайн нутгийн иргэдтэй жинхэнэ утгаар нь зөвлөлдөж, оролцоог нь хангах. Үндсэн хууль, олон улсын гэрээ, дотоодын тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх
- Байгаль орчин, нутгийн иргэдийн амьжиргаа, нүүдлийн соёл иргэншилд олон жил сөрөг нөлөө учруулсан хөгжлийн том төсөл хөтөлбөрүүдийг хариуцаж байсан буруутай этгээдэд хариуцлага тооцох
- Монголын тогтвортой хөгжил, засаглал, хүний эрхийн төлөө тууштай ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллага, хүний эрх хамгаалагчийг үндэслэлгүй буруутган, аюулгүй байдалд нь халдсан мэдэгдэл, мэдээллийг төрийн байгууллагаас түгээж байгаа болчимгүй үйлдлээ эргэн харж, залруулах гэсэн шаардлагыг хүргүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.