Засгийн газрын тусгай сангууд мөнгө завшдаг, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулдаг гэх шүүмжлэл өрнөж ирсэн. Үүний хамгийн том жишээ бол УИХ-ын нэр бүхий 49 гишүүн, тэдгээрийн хамаарал бүхий эдгээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас тэрбумаар хэмжигдэх зээл авсан баримт ил болж байв. Тухайн үед төрийн мөнгөөр хөлжсөн дарга нарыг улстөрийн, ёсзүйн, хуулийн хариуцлага хүлээхийг шаардаж, “Бид уучлахгүй” хөдөлгөөн өрнөж байлаа. Улстөрчид өөрийнхөө бизнесийг тэтгэхийн тулд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, тэрбумаар хэмжигдэх зээл авсан нь ил болсон ч бүрэн хариуцлага хүлээсэн албан тушаалтан ховор.
Тэгвэл Засгийн газрын тусгай сангууд санхүүгийн зөрчилтэй явж ирснийг батлах баримтуудын Үндэсний аудитын газар ил болголоо. Сангууд зардлаа ил тодоор, зохих ёсоор бүртгүүлээгүй олон зөрчлийг Аудитын тайлангаас харж болохоор байна.
100-200 САЯ ТӨГРӨГ ХЯНАЛТГҮЙ УРСАХ НЬ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ
Үндэсний аудитын газар Засгийн газрын 20 тусгай сангаас 20-ыг нь түүвэр судалгаанд хамруулжээ. Шалгалтаар 176,4 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна. Мөн холбогдох байгууллагуудад албан шаардлага,акт хүргүүлж зөрчлөө нэн даруй засахыг анхааруулжээ. Сан тус бүрээр задалж авч үзвэл дараах зөрчлүүд илэрсэн байна.
- Боловсролын зээлийн сан: Өмнөх оны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийн санхүүжилт болох 6 тэрбум төгрөгийг тайлант оны зардал хэмээн бүртгэсэн. Журамд тусгаагүй тэтгэлэгт 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан: Хэрэгжиж дууссан төсөл хөтөлбөрийн зардлын үлдэгдэх болох 0,03 тэрбум төгрөгийг улсын төсвийн дансанд төвлөрүүлээгүй.
- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Төсвийн орлогыг 19,6 тэрбум төгрөгөөр тасалсан. Найдваргүй авлагын үлдэгдэл 107 тэрбум төгрөгт хүрсэн. 0,5 тэрбум буюу 500 сая төгрөгийн зээлийг программд зөрүүтэй оруулсан.
- Кино урлагийг дэмжих сан: Сангийн хөрөнгийг зарцуулах журмыг эрх бүхий байгууллагаар батлуулаагүй. Эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас хоёр жилд хуримтлагдсан 10 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан: Авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй. 15,4 тэрбум төгрөгийн авлагатай.
- Шинжлэх ухаан, технологийн сан: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн 200 сая төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй. 4,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 127 төслийн үр дүнг хэлэлцээгүй.
- Эрүүл мэндийг дэмжих сан: Журамд нийцэхгүй төсөлд 0,1 тэрбум төгрөг буюу 100 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн 0,1 тэрбум буюу 100 сая төгрөгийн гэрээний биелэлт хангалтгүй.
- Ирээдүйн өв сан: 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг төвлөрүүлээгүй.
- Төсвийн тогтворжуулалтын сан: Тогтворжуулалтын болон Ирээдүйн өв санд төвлөрөх мөнгийг хуулийн дагуу сар бүр шилжүүлээгүй.
- Хөдөө аж ахуйг дэмжих сан: Тайлангаа бүрэн гаргаагүй. Зээлийн дүн зөрүүтэй. Эзэн холбогдогч тодорхойгүй.
Энэ мэт олон зөрчил Засгийн газрын тусгай сангуудад байна. Тусгай сан гэдэг тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, Шинжлэх ухаан технологийн сан инновацийн шинэ санааг санхүүжүүлж, хөнгөлөлттэй зээл тусламж олгоход чиглэдэг. Тус санд жил бүр 7-8 тэрбум төгрөг төвлөрүүлдэг талаар албаныхан бидэнд мэдээлэл өглөө. Гэвч, сангуудын үйл ажиллагаа хазгай муруй явж, 100,100 саяар тоологдох хяналт муутай байгаа нь шалгалтын дүнгээр ил болж байна.
Ер нь, тусгай сангуудын завхрал нэг өдөр үүсчихсэн асуудал биш. Эрх баригч нам солигдох тоолонд шалгалт шүүлэг орууллаа гэж сүржигнэдэг ч тэгсхийгээд өнгөрдөг нь нууц биш. Аудитын шалгалт, санал дүгнэлтийг ч үл тоож ирсний гор нь өнөөдөр гарч байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ мэт сангуудын санхүүгийн зөрчил, алдаа завхралын талаар бид үргэлжлүүлэн хөндөх болно.