Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2021 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтын дүнгээ зарлалаа. Аудитын шалгалтаар нийт 10 гаруй их наяд төгрөгийн 17513 алдаа, зөрчил илэрчээ.
Аудитын байгууллага 57 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харъя 4674 төсөвт байгууллага, 604 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 371 төрийн сан, 1383 төсөл сан нийт 7032 санхүүгийн тайланг нэгтгэсэн байна.
Аудитаар дараах зөрчлүүд илэрчээ. Үүнд:
- Гадаад зээлийн хөрөнгийн эх үүсвэрээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт зогссон, эзэн холбогдогч тодорхойгүй, олон жил болсон 533.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулаагүй
- Дамжуулан зээлийн хүүг тооцож, бүртгээгүйгээс 234.8 тэрбум төгрөгийн авлагыг дутуу тайлагнасан
- Монгол улсын Хөгжлийн банк компанийн олгосон зээлийн үлдэгдлээс 56 хувь буюу 1739.9 тэрбум төгрөг нь чанаргүй зээлийн ангилалд орсон
- Монголбанкнаас тогтоосон банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкинд байршиж буй 264.3 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэн зэрэг алдаа зөрчлүүд байна.
Эдгээрээс гадна:
- Худалдан авах ажиллагааны дүрэм, журам, заавар зөрчиж шууд гэрээ байгуулж, бараа ажил үйлчилгээ худалдан авсан тендер зарлахаас зайлсхийж, тендерийг хувааж харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан, тендерийн үнэлгээг буруу хийсэн, цахим системээр зарлаагүй зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой 31.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.
- Засгийн газрын 2021 оны 43 дугаар “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлээгүй. Баталсан зардлыг хэтрүүлсэн, үр ашиггүй зардал гаргасан, албан конторын тавилга болон бусад үндсэн хөрөнгийг худалдан авсан, шагнал урамшуулал олгосон, хурал, спортын арга хэмжээ зохион байгуулсан, нэвтрүүлэг сурталчилгаа зэрэгт 10.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
- Монголын газрын тос боловсруулах ХХК-ийн эзэмшлийн 27 км төмөр замаар гурван аж ахуйн нэгж 103881.3 тонн бүхий 1501 вагон ачаа тээвэрлэсний 1.7 тэрбум төгрөгийн зам ашиглалтын төлбөр аваагүй.
- Шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт олгосон 0.1 тэрбум төгрөгийг буруу шийдвэр гаргасан этгээдээр төлүүлээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулахаар Ерөнхий сайд, Сангийн сайдад тус бүр таван зөвлөмж өгсөн байна. Үүний хэрэгжилтийг хянаж, үнэлэхэд 60 хувийн биелэлттэй байна.
Мөн Засгийн газрын урт хугацаат үнэт цаас, зээлийн үлдэгдэл нийт өр төлбөрийн 84.7 хувь буюу 38259.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Засгийн газрын гадаад зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн санхүүгийн тайланд аудит хийхэд “Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төсөл” санал дүгнэлт өгөхөөс татгалзжээ.
Шалгалтын дэлгэрэнгүй дүнтэй энд дарж танилцана уу.