УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.08.23/ хуралдаж, шинэ даргаа сонгожээ. Цаашид парламент дахь АН-ын бүлгийг О.Цогтгэрэл удирдахаар болж байна.
АН-ын дотоод хагарал эрчимжиж, тэд өдгөө МАН-ынхны “тоглоом” болчихсон гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үед хагарсан талууд эвлэрч, С.Баярцогтоор намаа зангидуулах нь гэх яриа ч улстөрийн хүрээнд өрнөж байна.
Сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь битгий хэл, дотоод тэмцлээсээ салж чадаагүй АН-ынхан сүүлийн үед эрх баригчдын “дохиураар хөдөлж”, сайдын суудал горьдож суугаа. Тодруулбал, тус намын Ш.Адьшаа нарын гишүүд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, улмаар УИХ-ын бүх гишүүн сайдад горилох боломж бүрдүүлээд буй. Тэд ингэж захиа даалгавар гүйцэтгэснийхээ хариуд Үндэсний эв нэгдлийн засгийн газар гэгчийг хамтран байгуулж, 2-3 сайдын суудал шагналдаа авахаар хүлээж буй гэх мэдээлэл байна.
Ямартай ч, ард түмнээс 0 оноо авч, сөрөг хүчний үүргээ уландаа гишгэсэн АН-ын бүлгийнхэн шинэ даргатай боллоо. АН албан тушаалын ойрын наймаа хийж, ужиг асуудалтайгаа зууралдаад үлдэх үү, аль эсвэл алсыг харах уу гэдэг нь О.Цогтгэрэлийн нүүдлээс цаашид шалтгаалах нь.