Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстойгоос өнөөдрийн байдлаар 100 мянга 689 хүүхэд хүсэлтээ ирүүлсэн буюу 66.5 хувийн ирцтэй байна.
Харин улсын хэмжээнд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 98 хүүхэд байгаагаас 21 хувь нь элсэлтээ цахимаар баталгаажуулж, 1.7 хувь нь элсэлтээс татгалзжээ. Цэцэрлэгт хамрагдах хүсэлт наймдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм.
Энэ бүртгэлээс хоцорсон хүүхдүүд 2022 оны есдүгээр сарын 10-аас эхлэх хоёрдугаар ээлжийн бүртгэлд хамрагдах боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг наймдугаар сарын 10-24-ны хооронд, есдүгээр сарын 10-25-ны хооронд, аравдугаар сарын 3-24 хооронд гэхчилэн гурван ээлжээр бүртгэнэ.
Харин энэ жил ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цаг хүртэл явагдана. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг цагийг нь тулгалгүй, "e-mongolia" системд бүртгүүлэхийг уриалж байна. “e-mongolia систем ачаалалгүй хэвийн ажиллаж байна.
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/609030673936691
НЭГДҮГЭЭР АНГИД БҮРТГҮҮЛЭХ ВИДЕО ЗААВАР: https://www.facebook.com/emongolia/videos/1120790078790109/