
АНУ, БНСУ 2017 онд хийснээсээ хойших хамгийн өргөн хүрээнд цэргийн сургуулилт хийх болсноо мэдэгдлээ.
Умард Солонгосын удирдагчийн дүү Ким Ё Жун БНСУ-ын эдийн засгийн тусламж үзүүлэх гэсэн саналд “амаа тат” гэж хариу өгсний дараагаар энэ шийдвэр гарч байгаа талаар гадны хэвлэлүүд онцолж байна. Өөрөөр хэлбэл, БНАСАУ-ын цөмийн зэвсгийн туршилтын эсрэг бэлэн байдалд зориулж хийх гэж байгааг албаныхан мэдээлжээ.
“Ulchi Freedom Shield” гэж нэрлэгддэг энэхүү цэргийн сургуулилт нь энэ Даваа гарагаас эхлэн ирэх есдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм.
Энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл “Солонгосын хойгт энх тайвныг тогтоох нь манай улсын аюулгүй байдлын гол зорилгуудын нэг” гэж тодорхойлжээ.
Хэдий талууд энэ сургуулилтыг өөрсдийгөө хамгаалах зорилгоор хийж байгаа гэж тайлбарласан ч Умард Солонгосын талаас “дайралтын шинжтэй үйлдэл” гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: AL JAZEERA