Машин ачих журамд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ эзэмшигчид нь мэдэгдэх шаардлагагүй гэж заасан байдаг. Чанга яригчаар 2-3 удаа зарлаад, эзэн нь хурдан хугацаанд гарч ирэхгүй л бол тухайн иргэний машиныг ачаад явах эрх зүйн зохицуулалттай. Энэхүү журам нь жолоочдын бухимдлыг төрүүлсээр байна.
Нийслэлээс өнгөрсөн онд тээврийн хэрэгсэл ачих журмыг шинэчилж баталсан байдаг. Үүнд машин ачихаас өмнө эзэнд заавал утсаар мэдээлэх ёстой гэж тусгасан ч Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталгаажуулаагүй учраас хэрэгжих боломжгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
Бид “эмнэлгээр үйлчлүүлэхдээ машинаа хөдөлгөөнд саад болохгүйгээр байрлуулсан ч ачуулсан”. Мөн гэрийнхээ гаднаас машинаа ачуулчихлаа” гэж бухимдах иргэдтэй цөөн хором ярилцсан юм.
Иргэн А: Би эмнэлэгт боолт хийлгээд гараад ирэхийн хооронд машиныг минь ачаад явчихсан байх юм. Одоо мөнгөө төлөөд гараад явж байна. Хөдөлгөөнд саад болсон зүйл байхгүй байсан. Эмнэлэгт нэг их удаагүй гараад ирэхийн хооронд ачсан байх юм. Хүнд өвчтэй, алхаж гишгээд явах боломжгүй хүн байсан бол яах вэ. Мөнгөнд шунасан сэтгэлээр ингэж ажиллаж болохгүй шүү дээ. Өнөөдөр өвчинтэйгөө тэмцээд явж байгаа надад 60 мянган төгрөг их мөнгө.
Жолоочийн буруугаас үүдэн ачуулсан бол ямар ч сануулга өгөх ёсгүй гэдэг зүйл ярьж байгаа юм. Ядаж нэг удаа утасдаад хэлдэг баймаар байна. Чанга яригчаар зарлалаа гээд эмнэлэгт байгаа би сонсох ямар боломж байх вэ дээ. Ингэж чарлахыг нь хэлбэр төдий зүйл гэж харж байна. Бараг битгий сонсоосой гэж боддог биз. Хажууд байгаа охины машиныг харахын завдалгүй л ачаад явчихсан. Уг нь дугаарыг нь хараад хэлэх гэж байсан юм.
Иргэн О: Миний машиныг ачиж байхдаа куперийг сугалчхаж. Байрны урд талаас аччихаад, тавих ёсгүй газар гэх юм. Гэртээ ороод 10 минут болоод гараад ирэхийн хооронд л ачсан байна. Ядаж дугаар луу нь залгах хэрэгтэй шүү дээ. Гэртээ орохын өмнө харахад ачлагын машин яг хажуугаар зөрсөн. Намайг оронгуут тойрч ирээд, бараг манаж байгаад ачсан гэж бодож байна. Тийм байж болохгүй шүү дээ. Ажил төрлөө амжуулах гээд завгүй гүйж байхад үнэндээ л муухай юм. Хуулийн дагуу, журмын дагуу л гээд байна. Үнэхээр тийм юм бол журамдаа өөрчлөлт оруулмаар байна. Урд цонхон дээрээ жолоочид дугаараа бичээд үлдээдэг шүү дээ гэв.
Энэ асуудалтай холбогдуулан бид Тээврийн хэрэгсэл саатуулах хоёрдугаар байр /ТС-2/-ны ажилтнаас тодрууллаа.
Ингэхэд “Энэ маргаан үүсгээд байгаа машины эзэн машинаа зорчих эгнээнд, урсгал сөрүүлээд, тэмдэг тэмдэглэгээний доор тавьчихсан байсан. Утсаар мэдэгдэхгүй гэсэн журам байгаа. Бид хууль журмын дагуу ажилласан. Цагаан хоолойгоор гурван удаа зарласан гэж манай ажилтан хэллээ. Бидний хувьд үргэлж ачих үеийн бичлэгээ хийдэг. Асуудал байхгүй гэсэн үг. Машиныг нэг минутад л ачдаг гэдэг яриа бий. Ийм зүйл байхгүй. Дэгсдүүлсэн яриа болно. Дор хаяж 5-6 минут болдог ажил. Өдөрт дунджаар манай дээр 50-60 машин ирж байна. Дүрэм стандартаа зөрчихгүй бол бид ачихгүй шүү дээ. Зүгээр байгаа машиныг нь ачсан юм шигээр олон хүмүүс дайрч ирдэг. Бидэнд ч гэсэн дарамттай байна. Машинаа ачуулсан хүмүүс хэзээ ч стандарт зөрччихсөн гэдгээ ухамсарладаггүй. Бид цагдаагийн зөвшөөрлийн дагуу ачиж байна” гэдэг тайлбар өглөө.