Монголын ирээдүй болсон хүүхдүүд боломжтой айлын тэжээвэр амьтнаас ч доор нөхцөлд өсөж байна хэмээн санаашрах хүн олон тааралдлаа. Эдийн засгийн хямрал, үнийн өсөл, ажилгүйдэл ядуурал хэрхэн хүрээгээ тэлж, үүний тусгал нь хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байгааг сурвалжлахаар бид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороог зорилоо.
Иргэдийн сайн мэддэгээр 32-ын тойрог орчмын энэ хороо түр оршин суугч хамгийн олонтойд тооцогддог. Энэ хэрээрээ ч ажилгүйдэл их, эмзэг бүлгийн өрх олонтой хэмээн албаны эх сурвалж бидэнд тайлбарлаж байлаа. Тодруулбал, тус хороонд нэн ядуу 98 өрх бүртгэгджээ. Энэ тоонд багтсан өрхийн гишүүдийн дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, архины хамааралтай гээд хөдөлмөр эрхлэх боломжгүй талаар хорооны зохион байгуулагч Б.Чанцал хэллээ.
Ингээд бид эдгээр өрхүүдийн нэг болох иргэн Д-гийн гэрт очсон юм. Айлын хашаа байшин түрээсэлж амьдардаг, дөрвөн ам бүлтэй энэ айлын хөдөлмөрлөж олсон сарын орлого нь 350 мянган төгрөг. Түүний хувьд сүүлийн найман сар ийнхүү ажиллаж, хоёр идэхгүй хоосон хонохгүй, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа талаараа хэлсэн юм. Түүний нөхөр элэгний хавдартайн дээр нэг нүд нь харах чадвараа алджээ. Тэгсэн ч групп тогтоолгож чадаагүй учраас ганцаараа ажиллаж байгаа аж. Тэд сургуулийн насны хоёр хүүтэй бөгөөд хичээлийн хэрэгслийг нь бэлтгэх байтугай өдрийн хоолоо яая гэж байгаа талаараа хэлсэн юм.
“ХҮҮХДИЙНХЭЭ ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙГ БЭЛДВЭЛ ХЭСЭГТЭЭ ХООСОН ХОНОНО”
Хичээл сургууль орох ойртсон энэ үед айл бүр хэдэн төгрөгөө хүүхдэдээ илүүчлэх гээд сандарч байна. Энэ талаар иргэн Д ярихдаа “Миний цалин маш бага. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг нь худалдаж авахад хүрэлцэхгүй цалинтай гэсэн үг. Энэ цалин дээрээ хоёр хүүхдийн мөнгө гээд 200 мянган төгрөг нэмэгдэж байгаа. Манай өрхийн сарын орлого ердөө 550 мянган төгрөг. Хүүхдийн мөнгөнөөс өөр дэмжлэг төрөөс авдаггүй. Уг нь хөдөлмөрийн чадваргүй, өвчтэй нөхөр маань халамж тогтоолгох ёстой ч танил тал хардаг ч юм уу, халамжид хамруулдаггүй.
Хүүхдүүдийн хичээл сургууль орох дөхөөд байдаг. Бэлтгэсэн зүйл алга. Хүүхдийн мөнгө буухаар хичээлийн хэрэгслийг нь нэг өмд, нэг цамц гээд түүнэ дээ. Хажуугаар нь гурил будаагаа авна. Тэгээд л зохицуулна даа.
Хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр хэсэг хоолгүй байхаар байна. Манай хөргөгч одоо бараг л хоосон байгаа. Найз нөхөд, эгч дүүсээсээ хоолны махаа авчихдаг. Харин төмс, гурил, будаагаа өөрсдийнхөө мөнгөөр авдаг. Яг одоо дансандаа талх авах мөнгөгүй л явна” гэв.
ТОМЧУУДЫН АРД ХҮҮХЭД ХОХИРЧ БАЙНА
Дундаж орлоготой ганц бие хүн, бие даан амьдрахад сарын цалин нь хүрэлцэхгүй байна гэх нийтлэг дүр төрх ажиглагдаж байгаа нийгмийн энэ хүнд үед 500 мянган төгрөгөөр дөрвөн ам бүлтэй айл хоног өдрийг өнгөрөөнө гэдэг бэрх. Бид түүнээс эрүүл саруул байгаа дээрээ арай өндөр цалинтай ажил яагаад хийхгүй байгаа талаар асуухад:
“Би бага насны хүүхдээ зөөж авдаг. Тиймээс л гэртэйгээ ойрхон ажил хийдэг юм. Өөр байгууллагад ажиллавал өдөрт хүүхдээ сургуулиас нь ав гээд явуулахгүй шүү дээ. Цалин бага байсан ч одоо яах вэ. Цалин арай их ажил байна. Үйлчлэгчийн цалин гэхэд 800 мянган төгрөгөөс эхэлж байгаа юм. Өөр ажил хийвэл хийх л байх. Ямар ч байсан одоогийн нөхцөл байдлаа зохицуулаад явж байна” гэв.
Бид иргэн Д-гээс хүүхдүүдийнхээ боловсрол, ирээдүйд хэрхэн анхаардаг талаар асуухад “Том хүү маань энэ жил есдүгээр ангид орно. Сургуулиа дүүргэх, эсвэл дунд боловсролоо эзэмшээд коллеж бараадах нь уу. Өөрөө мэдэж байгаа байх. Харин дүүгийнх нь хувьд дөнгөж гуравдугаар анги болохоор ирээдүй энэ тэрийг нь сүйдтэй бодоогүй байна” гэсэн юм.
“ХИЧЭЭЛ ОРОХООС ӨМНӨ ШИНЭ УЛАВЧ Л АВМААР БАЙНА”
Иргэн Д-гийн бага хүү багш болохыг хүсдэг. Хүүхдийнхээ энэ хүслийг ээж нь анх удаа сонсож байгаа бололтой. Сэтгүүлч надтай ярилцаж буй хүүгийнхээ яриаг хамт сонсож суусан тэр, “Өө тийм үү. Яагаад багш болох гэж байгаа юм” гэх зэргээр хажуугаас давхар асууж байсан юм.
“Хичээлийн хэрэгслээ бэлдэж чадаагүй” гэж урамгүйхэн ярих тэр хүү ердөө өнгийн харандаа, шинэ тавчик авахыг л хүсэж буй. Түүнээс учир шалтгааныг нь асуухад “Манайх ангидаа гутлаа сольж ордог. Тавчикгүй болохоор багш загнаад байдаг юм. Би багш болохоороо хүүхдийг өмссөн хувцаснаас нь болоод загнахгүй гэж боддог” гэж ярилаа.
НЭН ЯДУУ 98 ӨРХИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛДАГ
Бид энэ асуудалтай холбогдуулан СБД-ийн 12 дугаар хорооны зохион байгуулагч Б.Чанцалаас нэн ядуу өрхөд бүртгэгдсэн айлуудад хэрхэн анхаарч ажилладаг талаар тодрууллаа.
Тэрбээр “Манай хорооны үндсэн оршин суугч нь 1600 гаруй, хүн ам нь 6700 гаруй. Яг хороон дээрээ амьдарч байгаа 1200 гаруй өрх байна. Ихэнх нь байр, хашаа түрээсэлж амьдардаг. Өөрөөр хэлбэл, түр оршин суугчид. Хөдөлмөр, халамжийн хэлтсийн оноогоор нэн ядуу гэж бүртгэгдсэн 98 өрх байгаа. Эдгээр айл өрхүүдийн хөдөлмөр эрхлэлт дээр анхаарч ажиллаж байна. Түр ажлын байраар хангаж байгаа гэсэн үг. Мөн хувь хүний хөгжлийн зэрэг сургалтад их хамруулна.
Манай хороон дээр архины хамааралтай хүмүүс их байдаг. Бид энэ сард дөрвөн иргэнийг архинаас гаргах эмчилгээнд явуулсан. Хорооны зүгээс дэмжлэг гэхээс илүү хамгаалах чиглэлд анхаарч ажиллах үүрэгтэй. Үүний хүрээнд ажиллаж байгаа.
Хороон дээр сайн дураараа эмзэг бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг бэлдэж өгөх хүсэлтэй иргэд ирдэг. Хоёр ч дэлгүүрээс хүүхдэд дэмжлэг үзүүлэх санал гаргасан байгаа. Энэ жилийн хувьд энэ мэтчилэн сайн дураараа хандсан иргэдтэй хамтарч тодорхой тооны хүүхдийг дэмжинэ” гэсэн юм.
Ийнхүү нэн ядуу бүлгийн өрхүүд хүүхдээ сургуульд бэлтгэх нь битгий хэл, хоногийн хоолоо аргацаахыг л бодож байна. Тэдний зарим нь өвчин зовлонтой, нялх хүүхэдтэй гээд хүндэтгэн үзэх шалтгаантай. Зарим нь ажил голдгоосоо болж, нийгмийн эмзэг хэсэг рүү "гулсаж" орсон байдгийг ч хорооны ажилтнууд бидэнд ярьж байлаа. Бид энэ сурвалжилгаараа бодит байдлыг харуулахыг зорилоо.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай улсад ядуурлын түвшин 28 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэсэн үнэлгээ гараад байгаа юм.