БСШУЯ 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд шинээр элсэн суралцах хүүхдүүдийг хамран сургах тойргоор нь бүртгэлийг үнэн бодитой зохион байгуулж ажиллахад Авлигатай тэмцэх газрыг хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Энэ дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс өнөөдөр Нийслэлийн зургаан дүүргийн 18 сургууль, есөн цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудтай хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцжээ.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар “Төрийн албанд ажилладаг хүмүүс ихэвчлэн харъяаллын бус хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахыг шаарддаг. Хэрэв биелүүлэхгүй бол дараа нь янз бүрийн дарамт үзүүлдэг” талаар уулзалтын үеэр онцолсон байна.
Энэ жил төрийн албан хаагчид сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулахдаа өөрсдөө манлайлал үзүүлж ажиллах болсон нь сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтнуудад хэн ч аливаа хууль бус хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөл бүрдсэн нь маш чухал ажил болж байна гэсэн юм.
Эх сурвалж: АТГ