Өнөөдөр намрын улстөр жинхэнэ утгаараа эхлэх өдөр. Парламент Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Энгийнээр тайлбарлавал, УИХ-ын гишүүн бүр сайдаар томилогдох боломжтой, цаашлаад гишүүдийн тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх зохицуулалтыг хуульд тусгах юм. Үүнийг дагаад зарим сайдын суудал ганхаж, зарим гишүүд гүйцэтгэх засаглалын гишүүн болохоор Ерөнхий сайдын өрөөний үүдийг аль хэдийнэ манаж эхэлжээ.
ЖҮЖГИЙН ЗАХИАЛАГЧ НЬ, ГОЛ ДҮР НЬ Ч МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ
Ийм шүүмжлэл олон хоног хөврөв. Эрх баригч МАН-ынхан УИХ дахь АН болон Хөдөлмөрийн үндэсний намынхныг “утсан хүүхэлдэйгээ болгож” аваад удлаа гэдэг нь хоосон шүүмжлэл биш. Тэд энэ удаад ч өнөөх л арга залиа хэрэглэж, "АН, ХҮН"-ийн хэсэг гишүүдээр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргуулав. Ингэхдээ бүр МАН-ын захиалгын гомдлыг Үндсэн хуулийн цэц шууд их суудлын хуралдаанаараа хэлэлцэв. Дунд суудлын хуралдаан алгасаж хуулиа зөрчих гээд жижиг сажиг асуудал нь том артай хүмүүст юу ч биш байсан нь тодорхой. Ингээд Засгийн газар "давхар дээлтэй" дөрвөн сайдтай байх тухай хязгаарласан заалтыг МАН-ынхан өөрсдөө УИХ-аар хэлэлцэж, Үндсэн хуульд дахин гар хүрэхээр зэхэж сууна.
ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ МАН-ЫНХАН
2012-2016 онд Ардчилсан нам засаглаж байлаа. Тухайн үед сөрөг хүчин МАН-ынхан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллах буюу давхар сайд хийхийг эсэргүүцэж, төв талбайд жагсаал зохион байгуулсан. “Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоорондоо холилдож болохгүй. УИХ-ын гишүүн хууль тогтоох үндсэн ажлаа хий. Сайд нь эрхлэх хүрээнийхээ ажлыг хий” хэмээн шаардаж, тухайн үеийн сайдуудын зургийг нүүрэндээ нааж, дээл өмсөн жагсаж байлаа. Гэтэл тэд өнөөдөр хувийн эрх ашгийн үүднээс өнөөх зарчмаа уландаа гишгэж, дээлээ, ичих нүүртэйгээ хамт “тайлаад шидчихжээ”. Оронд нь албан тушаалын дээл өмсөж, мэргэжлийн бус нэгнээ хүртэл сайдын суудалд тохохоор өрөөнөөс өрөө дамжин, "хор найруулж" байна. Ийнхүү өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хүүхэд хөгшдийг ч дайчлахаас буцдаггүй МАН-ынхан өнөөдөр дараагийн ээлжийнхээ хоолондоо оруулахаар улаан цайм “жүжиг тоглож” сууна.
ТААРСАН ТААР ШУУДАЙ БУЮУ САЙДЫН СУУДАЛ ГОРЬДСОН АН-ЫНХАН
АН-ын сөрөг хүчин гэж үнэлдэг, үнэлдэг цаг ард хоцорчээ. Тэд амьгүй, сүнсгүй, зарчимгүй, зүгээр л эрх баригчдын тоглоом, холын хараа нь хоёр гурван сайдын суудлаас хэтрэхгүй болчихжээ. Тийм гэдгээ ч өнөөдөр өөрсдөө баталсаар байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд, Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн байна хэмээх мэдээллийг өнөөх АН-ын гишүүд л цэцэд гаргасан. Үүнийхээ хариуд тэд ганцаар тогтохгүй сайдын суудал авахаар тохирч яваа аж. Шагнал нь тэр. Ерөнхий сайд АН-ын цөөнгүй хүнд хамтарч ажиллах тухай санал тавьсан гэх мэдээлэл ч бий.
ЯДУУРАЛ ТЭЛЖ БАЙХАД “БЯЛУУ ХУВААЖ” СУУДАГ ЭРХ БАРИГЧИД
Эрх баригч намынхан сөрөг хүчин байхдаа /2012-2016/ онд ядуурал хүрээгээ тэллээ, мөнгөний ханш уналаа гэж хамгийн их тэмцдэг байв. Гэтэл тэд 2016 оноос хойш тасралтгүй төр барихдаа тэр үгээ өөрсдөө ч мартаж ирэв. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооноос хамтран хийсэн судалгаар Монгол улсад ядуурлын түвшин 28 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Тиймээс өнөөдөр ч ядуурлын асуудал шүдний өвчин болоод буй. Гэвч эрх баригчид үнийн өсөлтийг хэрхэн хязгаарлах гэдэгт төвлөрөх бус сандал суудлын наймаагаа хэрхэн хийхэд санаагаа чилээж суугаа нь харамсалтай.
Ийнхүү ядуурлыг тэглэх зорилготой эрх баригч намынхан дараагийн ээлжийнхнээ хоолонд оруулж, хямралын цагт хий дэмий “тоглож наадсаар” байна.